Big Magic Номын тэмдэглэл

expert.bunny
3 min readAug 23, 2019

--

Элизабет Гилберт “Ид, залбир, хайрла” номноосоо хойш ийм амжилттай ном дахиж бичиж чадах эсэх эргэлзээтэй болж,бүтээлч байдлын гацалтад орсон тухайгаа дээрх “Агуу ид шид” номондоо хүүрнэсэн байна. Энэ номонд бүхэлдээ өөрт тохиолдсон бүтээлч байдлын гацалт буюу айдсаа хэрхэн даван туулж байгаа тухай үнэн түүхүүд бий.

Номын хуудас:

Kindle дээр 276 нүүр.

Хаанаас унших:

Би бол kindleeree уншсан. @ubbooklovers, гэх мэт инстаграмм хуудсуудаар илүү хямд захиалан унших боломжтой. Audible дээр байхгүй байсан санагдаж байна.

Агуулга:

Ямар ч бүтээлч ажил хийдэг хүмүүсийн хувьд тулгардаг том айдас бол бүтээлч байдлын уналт буюу гацалт. Өөртөө тавьсан босгоо хэтэрч чадахаар бүтээл дахин гаргаж чадах эсэх эргэлзээ нь айдсыг үүсгэж, яваандаа удаан үргэлжилбэл ямар ч бүтээл гарахаа больдог байна. Элизабетад энэ явдал “Ид, хайрла, залбир” номын дараахнаас илэрсэн ба үүнтэйгээ тэмцэж, даван гарсан арга ухаанаа харамгүй сийрүүлжээ. Зарим зохиолчид ганцхан сайн номтой, зарим зохиолчдын бүх гаргасан ном нь амжилтад хүрэх зэрэг янз бүрийн л туршлагууд амьдралд бий. Энэ бол Виржил Аблогийн хэлсэн шиг:

“Амжилтад хүрэх хялбар замыг санамсаргүй байдлаар олох боломжтой ч, та үүнд найдаж болохгүй. Гэхдээ амьдралд хүн бүрт зориулагдсан хялбар зам гэж байдаг. Гол нь тэрхүү боломжоо та олж харж чадах үү л гэдэгт байна. Санамсаргүй байдлаар амжилтад хүрэх замыг олохын тулд хоёр талаас бие бие рүүгээ тэмүүлэх энерги байх хэрэгтэй. Тиймээс та үргэлж урагш хөдөлж, тэрхүү боломжтойгоо тааралдах мөч хүртлээ хөдөлмөрлөж байх учиртай юм”.

Хоёр талын энергийн таталцлаар үүсдэг зүйл гэж Элизабет тайлбарлажээ. Мөн номд гарч байгаа хамгийн сонирхолтой зүйл нь. Номын санаа ч бай, юуны ч санаа бай давхцах боломжтой. Харин хэн түрүүлж бүтээл болгож чадсан нь хождог гэдэг санаа. Тэрээр нэгэн Колумбад мод бэлтгэлийн ажлаар очсон жуулчны адармаатай адал явдал, хайрын сэдвээр ном эхлүүлж л дээ. Бүхий л сторибоокээ бэлдчихээд дуусгаж чадахгүй амин хувийн ажлаар ийш тийш явдал суудал болоод байж. Гэтэл яг түүний номныхтой ижил утга агуулгатай номыг өөр хот, улсад амьдардаг зохиолч бүсгүй ном болгон хэвлүүлсэн байна. Энэ тохиолдолд тэр үл таних өөр улсын зохиолч яагаад ч Элизабетийн хэвлүүлж амжаагүй зохиолын эхийг хулгайлах боломжгүй бөгөөд Элизабет энэ зохиолчтой ном нь хэвлэгдэн гарсны дараа танилцсан байдаг. Энэ явдал Элизабетад нэгэн гэрэл асаасан нь, санаанууд бас энергитэй, хэрэн тэнэж өөрийг нь бүтээх шидэт эзнээ хайгаад хэсүүчилж явдаг юм байна. Би биш юм аа гэхэд хэн нэгэн хийх тэр л зүйлс гэж байдаг юм байна гэсэн бодол байлаа.

Нэрээ л тэгдэг дээ. За нэг энэ зээлээ дараад дараагийн зээлэн дээрээс тэгнэ дээ гэж байтал хэн нэгэн аавын хүү “оооппп” хийж гүйцэтгээд үр шимийг нь хүрчихсэн л байдаг хорвоо.

Хэрвээ Блоомбергийн “Суутнууд” нэвтрүүлэг үздэг бол гэрлийн шил зохиох гэж байсан Томас Эддисонд ч, Эйнштейнд ч яг адил санаан дээр зэрэгцэн ажиллаж байсан өрсөлдөгчид гарна. Хэн түрүүлсэн нь өмчлөх эрхээ авна. Амжаагүй бол хохь чинь!

Элизабетийн “Ид, хайрла, залбир” ном гарсны дараа ч олон арван “миний санаатай адил ном бичсэн байна, би бичиж байсан” юм гэх мэт сэтгэгдэл, шүүмжүүд их ирсэн байдаг гэнэ.

Сонирхолтой байгаа биз. Яагаад нэг цаг үед нэг санааг олон хүн бүтээж эхлээд зарим нь тууштай хөдөлмөрлөж дуусгаад, зарим нь дуусгалгүй хаядаг юм бол?

Хэнд санал болгох:

Бүтээлч ажил хийдэг, зурдаг, бичдэг, зохиодог хүмүүст илүү хэрэгтэй ном шиг санагдсан. Мөн над шиг эгэл жирийн ардын охин ч уншсан болно л доо. Сонирхолтой санагдаж байвал…

Түүний номондоо дэвшүүлсэн бас нэг чухал зүйл бол хүний амьдралын утга учир нь “ямар нэгэн зүйл бүтээх” л чин эрмэлзэл байдаг юм байна. Зарим нь олоогүй, зарим нь олсон. Бүр олохгүй ч одож мэднэ. Гэхдээ юу ч хамаагүй/оёх, зурах, будах, бүжиглэх, дуулах, зохиох, эвлүүлэх… юу ч хамаагүй/ бүтээлч зүйл хийсээр байхыг уриалсан байсан.

Үнэлгээ:

Би бол хувьдаа 10-с 7 оноо өгмөөр байна.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet