Autumn recommends
Цаг хугацаан дотор амьдарч байгаа болохоор хүмүүс заримдаа түүний урсан өнгөрч байгааг анзаардаггүй. Хүмүүс ямар нэг зүйлийн дотор байхдаа түүний хөдөлгөөнийг, өөрчлөлтийг, хувьслыг, ид шидийг нь анзаардаггүй. Яг л дэлхий дотор байгаа болохоор бид түүний тогтмол хөдөлгөөнтэйг мартчихдаг шиг, мэдэрдэггүй шиг, ус үргэлж крантнаас гоожиж байгаа болохоор дуусахыг нь мартчихдаг шиг, ээж үргэлж хажууд байсан болохоор оймс хувцас байрандаа, өлсөхөд хоолтой, өвдөхөд анагаагчтай, өтлөхөд хайрлаж харагчтай “бүгд бэлэн” байх юм шиг амьдарчихдаг шиг. Бид ямар нэг зүйлийн дотор байхдаа түүний урсан өнгөрч байгааг, хувьсаж байгааг, бага багаар сарниж байгааг, одож байгааг мартчихдаг.
Харин намар их гоё улирал. Өнгөрч байгаа, өөрчлөгдөж байгааг сануулдаг цаг хугацааны сэрүүлэг шиг улирал. Анзаарахыг хүсээгүй ч навч шаргалтаад, нар буугаад, сэрүү уначихаж. Анзаарахгүй өнгөрөх аргагүй болохоор намар ирчихэж…
Намрын намарт уншсан ном, үзсэн кино, сонин сайхнаа хуваалцдаг юм байна аа.
Санал болгох ном.
Энэ их хөөрхөн ном байсан. Mr. Copper гэх хөөрхөн өсвөр насны хүүгийн бодрол, мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр бидний анзааралгүй өнгөрөөчихдөг гайхалтай байж л байдаг зүйлсийн тухай хүүрнэдэг ном. Би хүүхэдтэй хүн болохоор хүүхдийн өөрийгөө, ертөнцийг, өөр хүмүүсийг таньж байгаа энэ үйл явц үнэхээр их анхаарал татдаг юм. Үүнийг анхаарч, маш их ажиглаж зөв чиглүүлэх нь эцэг эх болсны үүрэг ч юм шиг санагддаг.
Зүгээр нэг хоолтой байлгах, сургуульд сургах, хичээл ном сайн сурахыг ойлгуулахыг хэн ч чадах биз. Харин тэр үндсэн хэрэгцээнээс давж тэр бүхнээс илүүг харах, мэдрэх, сонсох, таних хэрэгцээг нь хангаж чаддаг эцэг эх байна гэдэг л чухал шиг. “Хүн шиг хүн болоход нь бэлдэх”
Орчлонгоор дүүрэн робот хүмүүсээс ондоошиход нь хөтлөх хэрэгтэй шиг. Яг энэ үеэ, өөрйигөө таних сонсох, бусдыг таних сонсох энэ үеэ л алдвал тэд дахиж хэзээ ч олж авч чадахгүй амьдардаг шиг санагддаг шүү. Тиймээс ирээдүйд эцэг эх болох хүн бүр энэ номыг уншаасай гэж хүссэн.
Санал болгох series.
20 насны үеийнхээ амьдралын нэгэн арваныг хувь хүний хөгжил гэдэг бүлэгт зарцуулсан болоод ч тэр юм уу, одоо энэ хувь хүний хөгжил гэсэн гарчиг чиглэлтэй ном бүр адилхан давтагдсан утгатай санагдах болж. Нас явж байгаагийнх ч юм уу, хувь хүний хөгжил, мотиваци эдр гэхээс илүү тайван намуухан ном зохиол, сериалд дурлах болсон байна билээ. Харин энэ сери болохоор олон давтагдаад байдаг хувь хүний хөгжлийн мөнгөний номуудыг товчилсондуу утгатай хөөрхөн санагдсан. Цаг хэмнэхээр. Ер нь хувь хүний хөгжлийн юмнууд цаг үрсэн ном байхаас илүү ийм товчхон кино маягаар хийгдвэл илүү цаг хэмнэхээр санагдсан. Тэгсэн ч хүмүүсийн мөнгөтэй холбоотой ч бай, бусадтай холбоотой ч бай асуудлууд нь хүн хүний нөхцөл байдалд өөр болохоор нэг талаас нь харж тайлбарласан ном байхаас илүү тэдгээрийг нэгтгэсэн иймэрхүү хувилбарууд байвал хүмүүс илүү олон талаас нь харж чадах биз ээ.
Энэ их хөөрхөн сериал байсан. Асуудалгүй гэр бүл гэж хаана ч байдаггүй. Энэ гэр бүлийн асуудлууд маш олон нийтлэг тохиолддог, тохиолдож болох хүмүүсийн амьдралыг харуулж хөндөж байгаа нь хөөрхөн санагдсан болохоор тасралтгүй үргэлжлүүлж үзээд дуусгачихсан. Нэг гэр бүл хэрнээ тэс өөр хүмүүс хамтран амьдардаг энэ жижигхэн нийгмийн бүлгээс л бүх юм эхэлдэг шиг… Тэнд анхаарал хандуулах, түүнийг эхэлж шийдэж мэддэг, таньж чаддаг болох гэдэг л хүн бүрийн яажшуухан амьдралыг зохицуулж сурахад тусалдаг шиг… Өөрийгөө олоход шат ахиулдаг шиг… гээд зөндөө олон зүйлс бодуулсан. Бас заавал аав нь архичин, ээж нь сэтгэл зүйн гэх мэт хүндээс хүнд асуудалтай гэр бүлийн л тухай хөнддөг кинонуудаас маш өөр хөнгөхөн хэрнээ их юм бодуулах кино байсан шүү. Заавал асуудал гэдэг нь архичин, сэтгэл гутрал, салалт гэхээс илүү өөр өөр хүмүүс хамт орших, байх, байлгах гэх мэтэд хүртэл байдгийг хүн бүр ойлгож хүлээн авч чаддаг байхад туслах болов уу. Нэгэнт бид гэр бүл гэдэг бүлгээ сонгож бас өөрчилж чадахгүй гэдэг үнэнтэйгээ хэрхэн эвлэрч амьдрах хэрэгтэй хэрэг вэ?
Санал болгох сургалт.
“Хүүхдийн хичээл давтуулна гэдэг чинь алаан байхгүй юу?” тэ. Тэгээд хүүгийн хичээл давтуулахдаа би огцом уурлаж өөрийхөө бодож хийж чадаж байгааг тулгаж уурлаж хашгирах нь тийм ч үр дүнтэй сургуулилалт биш гэдгийг ойлгоод аль болох “өөрөөр нь хайж олуулж сургах” гэдэг арга барил руу шилжсэн. Одоо том облж байгаа хүүхэд болохоор хариуг нь үргэлж мэдэж зааж өгдөг хэн нэгэн байхгүй басан ч өөрөө хайж олоод сурчихдаг нэгэн болоосой гэж хүссэнийх. Бас хорвоод тийм хүмүүс л илүү амжилттай байх магадлалтай гэж өөртөө дүгнэснийх. ккк. Тэгээд манай хүү энэ ХИЕХ ХБЕХ гэдэг хичээл ойлгоогүй гээд асуухаар нь ээж нь бас мартчихжээ, мэдэхгүй байна. Миний хүү өөрөө интернэтээс хайж олоод ойлго гээд, ойлгосных нь дараа өөрөөр нь тайлбарлуулж сураад хамтдаа дасгал ажилласан нь их үр дүнтэй байсан. Өөрийнх нь ойлгосон зүйлийг дахин тайлбарлуулж заалгах нь тэр сэдэв үлдэхэд нь ч их тустай юм билээ. Та нар ч бас хүүхэддээ хэрэгжүүлээд үзээрэй.
Санал болгох гоо сайхан, арьс арчилгаа. /өөрийгөө хайрлахуй/
Энэ сэдвийг тусад нь бичлэг болгон оруулна аа.
Cheers,