25 нас л хүрлээ дээ

expert.bunny
4 min readMay 5, 2020

--

Интернэт дүүрэн 20–30 насандаа эзэмшсэн байвал зохих зүйлсийн жагсаалт байдаг болжээ. Өөрийгөө олоод зорилгоо өвөртөлсөн бай л гэнэ. Алдаж үзчихээд гөвөөд босоод сурчих л гэнэ… Бүр болиод үзсэн байх ёстой, сонссон байх ёстой ч гэх болж…

Ер нь сайн ажиглавал бүгд амьдралаас тасарчихсан агаарын зөвлөгөөнүүд. Бүгд л агуу хүмүүсийг, төгс төгөлдрийг бүтээх шинжтэй. Гэхдээ юу гээч, төгс биш байгаа чинь л төгөлдөр юм шүү дээ. Тэр чинь л хүмүүсийг ХҮН болгоод байдаг байхгүй юу. Нэг ФБ пост байсан даа.

Би 25 хүрэхдээ өөрийн байртай, машинтай , тогтсон ажилтай, сайхан амьдралтай болчихсон байна. Карьераа тасралтгүй дээшлүүлсээр байна гэж төлөвлөж байлаа. Харин тэдгээрээс энэ жил зөвхөн 25 л хүрлээ дээ.

Надад бол энэ төгс биш байгаа нь,алдаад байгаа нь, Билл Гейтсийн чигчий хуруунд ч хүрэхээргүй өчүүхэн байгаа нь хүмүүсийг илүү төгс болгоод байгаа юм шиг санагддаг юм. Хүн бүр адилхан байх байсан бол хорвоо ямар уйтгартай байх байсныг төсөөлөхөд ч бэрх. Тиймээс л надад таалагдсан зүйл бусдад таалагдаж, миний таашаасан зүйл бүхнийх байх албайгүй нь сайхаан.

Угаас 20-той байхад 25, 30 гэдэг ертөнцийн төгсгөл шиг санагддаг байсаан байсан. Хөгшин болчих мэт санагдаж, амьдрал 20 наснаас хойш тэр чигтээ уйтгарын далай болчих мэт сэтгэж явсаан, явсан. Би ч энэ үеийг туулаад л гарсан. Гэхдээ амьдрал дээр ерөнхий боловсолын сургуулийн “үг үеэр тасалж ч мэдэхгүй” 40,50 настнууд байдаг л юм билээ. Гэлээ гээд тэр хүмүүс үхчихээгүй, үг үеэр тасалж сураагүй гээд ажилгүй гуйлгачин болчихоогүй, хүн шиг амьдралтай явдаг л юм билээ. Хэхэ Бас 40 хүрч байгаа хэрнээ том болоогүй ах нар, 50 хүрч байгаа хэрнээ хөгширдөггүй эгч нар хорвоогоор л дүүрэн байна. Гэлээ гээд тэд нар хүнээс илүү гарч эсвэл дутаад явсан юмгүй. Илүү хэдэн жил амьдрах шан харамж аваад өөдлөн дэвжсэн ч юм үгүй.

Миний ойлгосон ганц зүйл бол нас явахын хэрээр хүмүүст ганц л зүйл нийтлэг нэмэгддэг. ҮРЧЛЭЭ гэхгүй юу хаха

Нас ахих тусам хүмүүст хариуцлага л нэмэгддэг юм билээ. Арван жилд зүгээр л багшийн өгсөн даалгаврыг хийгээд, шалгалтуудаа гайгүйхээн өгчихөөд, зайрмаг майрмагхан бодож мөрөөдөөд яваад болоод байдаг байсан бол их сургуульд орохоор багшийн заасан хичээлээс гадуур нэмж судлах шаардлага гараад л, илүү өөр чадавхиуд эзэмших хэрэгцээнүүд үүсээд, зайрмаг чихэрхэн бодол нь хоол унд, нойр болж хувирдаг даа. Гайгүйхэн шиг сурч төгсөхгүй бол ажил олдохгүй, ажилгүй бол хоолгүй гээд л… Ажил дээр гарсны дараа дахиад л томорно. Байр ч авчихмаар, машин унаатай ч болчихмоор… Хүүхэдтэй болоод ирвэл өшөө ч томорно. Өөрийнхөө хар толгой, хоосон ходоодыг цатгах тухай боддог байсан нь өөр дээрээ нэмэх нь + хүүхэд+хань ижил +бла бла болж ирнэ. Өөрөөсөө өөр хүний өмнө хариуцлага хүлээж эхлэх үед л хүмүүс жинхнээсээ том болдог юм шиг санагддаг даа. Тэр интернэт дүүрэн 20–30 настнуудад зориулсан зөвлөгөө энэ өндөр хариуцлагад л хүүхдүүдийг бэлдэхийн тулд бичигдсэн байх. Би тэр холбоосыг нь олж чадаагүй болохоор бага зэрэг бухимдаад та нарыг юманд хоосон хандалгүй нягт нямбай хандаж шүүж чаддаг байгаасай гэсэндээ ийн сийрүүлж байна. Хоосон зөвлөгөөг зорилго чиглэл болгох аваас дээрх олон олон зорилтуудаасаа 25 л хүрдэг шиг болж дуусах байх даа. Хэхэ

Тэгэхээр наснаас үүдэлтэй ойлгох хамгийн чухал зүйл бол “ХАРИУЦЛАГА нэмэгдэнэ ээ”. Ээж аавтайгаа хамт амьдарч байхад цахилгаан, байр, ус, Сөх-н төлбөр гэдэг төлбөр байдгийг, мах тариа ногоо цуглуулж хоол хийх хэрэгтэйг мэдэхгүй өөрийгөө л тэр гэрт бүрэн бүтэн аваачихад болдог байсан бол бие даан амьдарч эхлэх үед олдсон жаахан мөнгөөрөө хоол хүнс, байр савныхаамөнгийг зохицуулж сурах хэрэгтэй болно. Өөрийнхөө эрүүл мэнд саруул ухаанд л итгэдэг байсан бол хүүхэдтэй болох үед хүүхдийнхээ эрүүл мэнд, гэнэтйн зардал, тэдний аюулгүй байдал, таатай орчны тухай санаа чилээх хэрэгтэй болно. Тиймээс л энэ хариуцлагууд өсөхөд хүлээж дийлэхгүй буруу харан уйлж зугатахгүйн тулд бага багаар өөрсдийгөө бэлдэж байх хэрэгтэй. Үүрэг нь хүрээд ирэхийн цагт даагаад гарчихдаг ч юу ирэх гэж байгааг мэдэж байх нь паникдуулдаггүй юм шиг санагдсанаас 20 настнуудад болон гэрийн тэжээвэр амьтан тэжээх гэж байгаа бол гэх мэт нийтлэлүүд бэлдэн хүргэж байсан билээ.

Мөн би дахин дахин сануулаад байдаг шиг хүүхэд байж хүүхэд насныхаа жаргалыг амтлаагүй, залуу байж залуу насныхаа жаргалыг амталж амжаагүй байх гэдэг л хамгийн том харуусал юм шүү. Та нар аль ч нас өндөр хүмүүсийн харамсаж явдаг зүйлсийн жагсаалт харвал хүүхэд шиг илүү гэнэн байгаагүйдээ, залуу хүн шиг эрсдлүүдийг зоригтой хийгээгүйдээ, үүрдийн биш амьдралд илүү олон хүнд хайраа илчлээгүйдээ л харамссан байдаг. Энэ үгс л үнэн шүү. Ер нь залуу хүний өөрийн үеийнхний зөвлөгөөг бус тэр насыг дайраад гарчихсан тэртээ өндөрлөгөөс харуусан халаглаж байгаа настнуудын зөвлөгөөг анхаарч байгаарай. Тэд маш гярхай байдаг. Үеийн ялгаа улам ихэсч зөрчилдөх болсон өнөө үед бид үүнийг л жаахан ойлгочих хэрэгтэй. Тэдний үед компьютер, playstation байгаагүй ч хүүхэд байсныг, зайрмаг идэж, гадаа тоглохыг мөрөөдөж, хүүхэлдэйн киноны төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн үе байсныг… Өсөл насандаа ФБ, инста байгаагүй ч яг л хүний адилаар дурлахдаа дурлаж, хаягдахдаа хаягдаж, шал хэрэггүй намын үүрийн сургалтад сууж show off хийчихээд харамсаж байсан л байгаа.

Өнөө өтөлшгүй мөнхийн Петер Паныг чинь J.M. Barrie 44 насандаа тоглож буй ахан дүүсээс санаа аван бичсэн байдаг.Хүүхэд хэзээ ч хүүхдээрээ үлдэхийг хүсэхгүй. Тэд үргэлж том болохыг мөрөөддөг юм чинь. Харин хөгшин хүмүүс л хүүхдээрээ үлдэхийг хүсэх байсан. Тэд хариуцлагаас зугтсандаа биш, харин жаахан амрахыг л хүссэнийх нь байх.

Тэгэхээр хэдүүлээ хариуцлага хүлээдэг болвол л том хүн болох нь дээ.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet