!#%@#@#@
Би хүүхдээ харж суугаа хүн болохоор хүүхдийн контентууд үзэж, харьцуулж, хүүхдийн ном уншиж, хүүхэд өсгөх номууд уншиж, хүүхэд хооллох, өсгөх тухай сургалт бичлэг л харж суудаг болжээ. Бүх анхаарал амьдрал минь хүүхдийнх болжээ. ККК Аз жаргалтайгаар бусад бүх ээжүүдийнхээ хийдгийг л хийж сууна. Том хүү дээр маань ийм сошиал, интернет хөгжөө ч үгүй байж. Ингэж их анхаарч мэдэхгүй, эмээ wikipedia р өсгөсөндөө жаахан гэмших… Буруудаагүй л дээ. Өөрөө хичээж оролдож олж сайн ээж болох гэж зүтгэх боломж дутуу байсанд бага зэрэг харамсах ч эмээгийн нэвтэрхий толиор сайхан эрүүл саруул өссөнийг гэрчилнэ.
Ингэж их хүүхдийн зүйл ухаж төнхөж явахад их юм байна аа. Монгол хүүхдийн контентууд бол биш ээ. Бүр бүгд учир дутагдалтай. Авах ганц нэг дажгүй контент гэвэл гадаад хэлний хичээлүүд л байх шив дээ. Бидний үеийн Эрх цагаан ишиг, үлгэрийн цаг, Боролдойгоос алс хол хаягджээ. Гунигтай. Орчуулгын ном, орчуулгын контент л байна. Яагаад? Тэгвэл монгол хүүхдийг яаж монгол өсгөх вэ? Юу хийж чадахгүй байгаа хэрэг вэ?
- Агуулга нь бүхэлдээ буруу санагдаад байна. Гадаад хүүхдийн контентууд их энгийн байдаг. Үзэгч нь хүүхэд шүү дээ. Тийм юм чинь дэлхий, гаригсийн хөдөлгөөн, нар мандах, жаргах, навч шарлах, харлахаас илүү би хоолоо идэхгүй бол яах вэ? шүдээ угаахгүй бол яах вэ? буруу зүйл хийгээгүй байхад ээж яагаад уурладаг юм болоо? Яагаад хүрсэн болгоныг тавь боль гэдэг юм болоо? Би яагаад унаж байгаа хүн харахаар инээд хүрдэг юм болоо? Ээжид тэврүүлэх яагаад гоё санагддаг юм болоо? Ээж яагаад ийм гоё үнэртдэг юм болоо? Гэдэс өлсөхөөр уур хүрдэг байх нь ээ, гижиг гэж юу юм болоо? гэх мэт л байх. Өөрөөс нь, ойр тойрныхноос нь, иддэг уудаг зүйлсээс нь тайлбарлаж тэдэнтэй нь холбож байж хүүхдэд хүрэхээр байхад манай бүх контент нэг их орчлон ертөнц, гариг эрхэс, бараг л дайн дажин гадаад ертөнц тайлбарлаж байна. Бас гэр бүл, ээж аав гэдэг холбоос байлгахгүй байна. Аль нэг дүр, эхлэл, төгсгөлд гэр бүлдээ байх ёстой, тэдэндээ очиж тайтгарч байгаа зураглал байхгүй. Хамгийн эхний таньдаг хэсгүүд огт байхгүй. Найз л байгаа юм. Хүүхдийн хүмүүжилд найздаа сайн найз байх чухал уу, ээж аавынхаа үгэнд орж зөв чиглүүлэгдэх нь үү чухал уу гэдэг чинь асуулт байгаа биз дээ? Тиймээс эхнээсээ л алдаатай байна.
- Үг хэллэг. OMG зүгээр л… Одоогийн хүүхдүүд эр эмгүй хүн ойлгохоор таван үггүй өсч байгаа нь англи хэлээр хэлд орсных биш шүү, нээрээ. Зүгээр үзүүлж байгаа контентууд чинь монгол хэлгүй байна. Монгол хүүхдийн контент байж, монгол хэлгүй. Насанд хүрэгчдийн, хүүхдийн аль алинд энэ бол аюултай газар авч байна. Бараг хүүхдийн кинонд найзыгаа “андаа, хамаа” эдр гэж дуудаад байна шд. Аймшигтай… Нийтээрээ, нийгмээрээ ийм байна. Гудамжны, хар ярианы үг хэллэг түлхүү хэрэглэвэл cool харагдана гэж боддог эсвэл илүү бусдад таалагдана гээд итгэчихсэн байна. Ямар нэг уран сайхны, урьд нь бичээд, зохиогоод, storybook гаргаад эвлүүлээд, зураглаад гэх мэт уран сайхны зүйл бүтээж байгаа бол тэр чинь дуусан дуусталаа уран сайхны төлөвлөлттэй л байх ёстой биз дээ. Гэтэл Монгол кино, хүүхдийн контентууд, бүр ном нь хүртэл ийм хар ярианы, гудамжны хэллэгтэй болчихсон. Бараг дуу оруулж байгаа, жүжиглэж байгаа хүмүүс нь харилцан ярианы зохиолгүй амьдралынхаа үгээр ярьдаг ч юм шиг… Монгол сүүлийн үеийн нэвтрүүлгүүд хүртэл ийм. Тавилттай зохиолтой сайхан мөнгө зарсан нэвтрүүлэг байгаад нэмэргүй бараг хөтлөгч нь хараал хэлэх энүүхэнд. Ном хамгийн их редакторлогддог, бичгийн хэл болохоор арай гайгүй юм. Үнэндээ үзэх юм алга. Хүүхдүүдэд үзүүлэх юм алга. Ингэж нийгэм бэлдэж өсгөчихөөд тэднээс эх оронч үзэл, эх хэл мэл нэхээд яах юм бэ? Ичиг, ичиг.
- Орчуулга. Дэлхийн сайн, хөөрхөн хүүхдийн контент бараг тэнгэрийн одноос ч их юм. Арга ч үгүй биз хүүхэлдэйн кино нь хөгжөөд 150 аад жил болж байхад. Гэтэл тэр сайхан бүтээлүүдийг бас л өнөө хазгай, муруй, хар ярианыхаа орчуулгатай болгочихсон байх юм. Яаж? Тэгээд бүр хүүхдээр дуу оруулуулчихсан. Тийм зүйлс их байна цаана чинь. Ийм хачин хагас хэлтэй юм байснаас хүүхдээ англиар хэлд оруулаад эх хэлээр нь үзүүлсэн нь бараг дээр байна шд.
Үнэхээр яаж ийм уран яруу хэлтэй байж ийм хагас юм хийж чадаж байгаад бүх уран бүтээлчдэд нь урам хугарч байна аа. “СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ” гэж үг байдаг даа. Тэр чинь сургуулийн багшийн л үүрэг биш шүү дээ. Эцэг эхийн, энэ хүүхдийн нэвтрүүлгүүдийн, телевиз радиогийн бүх ажилчдын үүрэг байлтай. Нийгмээрээ харанхуй мунхаг байлаа гээд, “хар масс, улныхан” нь ийм юм таалдаг байлаа гээд тэдний хэлэнд, ухамсарт тааруулж ийм хачин юм хийсээр байвал бид үеэс үед улам л харанхуйлагдах байх даа. Соён гэгээрүүлэх ажлаа хийгээч ээ. Хэн ч ойлгохгүй байсан ч гэгээрүүлсэн хэлээрээ хий л дээ. Тэгж байж нэг хүн бүтэн хэлтэй, нэг гэр бүл бүтэн хэлтэй, тэднийг дагаж явсаар нэг хэсэг хүн бүтэн хэлтэй. Эцэстээ нэг ч гэсэн Монгол хүн үлдэх биш үү?
Охид нь хараал хэлнэ, хөвгүүд нь биесээ харааж харьцана. Тэд том болоод эх нь хараал хэлнэ, аав нь хараал хэлнэ. Тэдний хүүхэд, хүүхдийн хүүхэд бүгд бие биесээ хараасаар заяа нь сайн байгаад ч хараалыг нь дийлэхгүй удам нь цөхрөх биз. Учиргүй ерөөдөг, нэвтэрхий толины үгтэй бол гэсэн юм биш. Хараахгүй байх, бодлоо зөв цэгцтэй илэрхийлэх, зөв ярих, бичих, хүнд сайхан үг хэлэхгүй бол муу үгээ залгиж сурахыг, муу муухай хэлснээр өөртөө муу юм хийдгийг сургах хэрэгтэй, үүрэгтэй шүү дээ. Энэ чинь бидний үүрэг. Контентуудад учиргүй хараал хэлэхгүй ч уран сайхны хэллэг, цэгцтэй зөв яриа, мэндлэл, хүндлэл, талархал гэж байхгүй байна. Цэгцтэй зөв ярихгүй болохоор, бодол нь ч цэгцгүй, хүлээж авч байгаа хүмүүсийнх нь сэтгэл хөдлөл ч цэгцгүй. Энэ бүхэн тайзан дээр хагас согтуу өөрийнхөө үгийн сангаар зохиолгүй тоглож эхэлсэн хошин шогоос эхэлсэн эсэхийг мэдэхгүй ч хаана, хэн гэхээс илүү одооноос соён гэгээрүүлэгчид нь соён гэгээрүүлэх ажлаа хийх болжээ.
Нийгмээ соён гэгээрүүлье.
Cheers,