Үгийн үйлдвэр
Хүүгийн маань сургууль номын санд хандивлах үлгэрийн ном цуглуулах гэсэн юм аа гэхээр нь би хүүдээ болон ангийнханд нь зориулаад “Асар том үсэгтэй үгийн үйлдвэр” ном авч бэлэглэлээ. Эхлээд хүүдээ уншуулаад дараа нь өөрөө түүнд уншиж өгөөд утгыг нь яриулсан юм. Тэр номонд хүмүүс нь хоорондоо ярилцахын тулд эхлээд үг худалдаж аваад түүгээрээ ярьдаг жижигхэн тосгон гардаг юм. Мош том үгийн үйлдвэртэй бөгөөд хүмүүс хэлэхийг хүссэн үгээ худалдаж авч залгисныхаа дараа ярьдаг. Сайхан, их хэрэглэгддэг үгс үнэтэй. Хааяа баяраар үгийн үйлдвэр хямдрал зарлах ч хямдралаар авсан үгнүүд ихэнх нь хэрэгцээгүй байж таардаг. Үг худалдаж авах боломжгүй хүмүүс хогийн савнаас үг хайж ухна. Хогийн савнаас ихэвчлэн муухай, зохимжгүй үг хэллэг гарч ирдэг байжээ. Тэгээд Паул хэмээх бяцхан хүү хайртай охиндоо сэтгэлээ илчлэхийг хүсэх ч түүнд үг авах мөнгө байхгүй…
Энэ түүхийг ярьж дууссаны дараа би хүүгээсээ “Хэрвээ хоёулаа энэ түүхэнд гарч байгаа шиг хоорондоо ярьж чадахгүй, заавал дэлгүүрээс үг авч байж ярьдаг болчихвол миний хүү дэлгүүрээс ямар үг авах байсан бэ?” гэсэн чинь банана хальслангаа “Цаас л авна даа” гэнэ. Би ч ямар гоё үг гарч ирэх бол гэж хүлээж байснаа сатаараад,”Цаас аваад л биччихнэ шүү дээ” гээд хээвнэг банана идэж байгаа хүүгээ хараад бичиг үсэгтэй хүний л санаа юм даа гээд толгойг нь үнэрлэсэн юм. Хүүхэд яагаад ийм сонин инээх уйлахыг хослуулмаар үйлдэл байнга гаргаад байдаг юм болоо? Үлгэр бид 2, 5:0-дуулах… Хаха