Юун завтай юм бэ?
Хүн жаргалтай байгаа эсэхээ бодох завтай байгаад л аз жаргалгүй байгаагийнх нь нууц оршиж байдаг.
Нэг тийм завтай хүмүүс байдаг тэ? Зүгээр л сошиалд дэмий балай юмаа уншаад явахгүй, тэрнийхээ доор коммент бичээд, тэгснээ хэрэлдээд , өөрөө ч баахан нервтээд бусдыгаа ч нервтүүлээд бөөн юм болж болж байснаа ямар ч үр дүнд хүрэхгүйгээр салах ч гэх шиг… Арай л их завтай юу? гэмээр дүр зургууд байдаг.
Карентиллаа гээд одоо нийгмийг л хар. Гэр бүлийн хүчирхийллийн тоо өснө ч гэх шиг. Ажиллуулахаар гэр орондоо цаг гаргаж чадахгүй байна гэж гомдолллох хэрнээ ажилгүй гэртээ суухаар хамт байгаа хүмүүсээ алчих гээд байна ч гэх шиг. Бүр нэг тийм шар тос цацаж байгаад шатаачихмаар зүйлс байх юм аа бас. Хэхэ
Би үргэлж гайхдаг байсан юм. Хүмүүс хайртай дуртай, жаргаана, ундраана гэж авч суучихаад яагаад хэдхэн жилийн дараа бие биеийгээ харахаас нүд нь хорсоод тусдаа байх цаг эрэлхийлээд байдаг болчихдогийг. Ер нь гэр бүлийн амьдралыг ойлгох гэж хамаг л мэдрэлээ ухаж амьдарч байна. Хүмүүс ер нь сүргийн амьтан мөн үү ч гэж гайхах шиг. Нэг их биеэ даачихсан мундаг амьтан юм уу гэхээр ҮГҮЙ. Нэг нэггүйгээр дутахын зовлонтой. Тэгвэл хамтдаа жаргадаг зул юм уу гэхээр ҮГҮЙ. Бие биенээсээ уйдах зовлонтой. Эмэгтэй хүний сэтгэл санаанаас ч долоон дор учир нь олдохгүй шинж тэмдэг нь бүрдсэн амьтан байж.
Тийм болохоор уйдаж байгаа, уйтгарлаж байгаа, зовж байгаагаа ойлгох зав өгөлгүй ажиллуулаад л байвал учир нь олдчих юм шиг санагдсан юм. Хүмүүс зүгээр л аз жаргалгүй байгаагаа бодох завтай байхаараа л хамаг зовлонгийнхоо үрийг тарьж эхэлдэг бололтой. Бүр нэг завгүй зовоож байвал таармаар ч шиг. Хэхэ
Карентинд гэртээ суухаар бүр хийж байхаа олохоо байгаад өөрийнхөө зовлонгийн үндсийг өрөөлөөс хайгаад хажуудахаа барьж аваад жаахан балбачихвал сэтгэл дотор нь онгойно гэж бодож байгаа нөхдүүд байвал:
Ядаж гараад гүйгээсэй! Алхаасай!
Биеийн хөлс гадагшлах нь маш их стресс тайлдаг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хэсэг алхаж, гүйхийн тулд хүн дуртай дуугаа сонсоно. Тэр дуугаараа сэтгэлээ засах ч юун магад.
Бүх амьдралынхаа хугацаанд миний ойлгож байгаа зүйл бол манайхан арай л залхуу. Сайхан амьдармаар байна гэчихээд архинд халаасаа хоосолно, агаар бохир байна гэх мөртлөө хашаандаа нэг ширхэг мод тарихгүй, эмнэлгийн үйлчилгээ хүртэж чадахгүй хэцүү байна гэх мөртлөө урьдчилан сэргийлэхгүй, хүүхдийн боловсрол хамгийн чухал гэх мөртлөө хамт суугаад хооллохгүй байж үнэтэй сургалтын төлбөрийн төлөө өдөр шөнөгүй чардайх, мөнгөгүй ядуугаа гайхах мөртлөө брэндсэг гээд нэг ч лаа асаахгүй байж харанхуйг зүхэгсэд. Маш залхуу!
Ямар нэг сайхан амьдралд хүрэхийн тулд заавал нэг хөшүүрэг хэрэгтэй гэлцэнэ. Өөрөө сайн хүн байж, бусдад түгээх тухай ойлголт байхгүй байсаар л… Буруу газраас будаа тээсээр л…
Зүгээр л ядаж завгүй байгаасай.
Утас скролдохынхоо оронд ном уншиж, уурлаж бухимдахынхаа оронд бясалгал хийж, хоосон хүний амьдралд шунаж инста ухахынхаа оронд youtube-с нэг ч болтугай программ дээр ажиллахыг сурч болно. Заавал хэрэгцээ нь гарахаар хэрэгжүүлэх ч албагүй зүйлс амьдралд дүүрэн байгаа. Хүүхэдтэйгээ ханын чимэглэл хийж, хамтдаа үлгэр зохиож ч болно шүү дээ.
Хүн жаргалтай байгаа эсэхээ бодох завтай байгаад л аз жаргалгүй байгаагийнх нь нууц оршиж байдаг.
Bunny,