ШҮҮДРИЙН УС СҮЛЭН

expert.bunny
2 min readMar 23, 2020

--

Цай чанаж ээж аавынхаа ачийг хариулах уу?

Ер нь яаж ээж аавынхаа ачийг хариулах вэ? гэж та нар бодож байсан уу? Би бүр бага байхын л ээж аавынхаа ачийг хариулах, тэднийгээ илүү, бүр илүү хайрлан хүндэтгэх тухай бодолхийлдэг байлаа. Мааш их боддог байсан болохоор амьдралд минь энэ бодол их тус болсон гэж боддог юм. Ер нь тэгээд яаж хариулна гэж вэ? Тэр их ачийг зүгээр л шүүдрийн ус түүж цай чанаж өгөх төдийхнөөр хэмжих зүйл мөн гэж үү?

Мэдэхгүй юм даа. Би шүүдрийн усаар цай чанаж өгөөгүй нэгэн болохоор ингэж худлаа бурж байж ч магад. Гэхдээ л өгсөн нь ч бай, өгөөгүй нь ч бай хүн бүр л дотроо ижий аав, эх нутаг, энхрий үрээ гэж боддог байх. Тэднийг хайрлаж жаргаах мөрөөслөөрөө нэгэн хэвийн уйтгартай амьдралаа хачирладаг байх.

Гэхдээ та нар анзаарсан бол хорвоо дээр эмээ өвөөгөөр өсгүүлж эрт хагацал гуниг амссан болоод ижий аавыгаа гэж элгээ эмтэртэл боддог хүмүүс илүү хүнлэг, илүү зөв бодолтой, зөв сэтгэлтэй сайн явдаг даа. Нэг тийм карма битч үйлчилдэг ч юм шиг…

Би багаасаа ээж аавынхаа ачийг хариулах тухай мөрөөдөлдөө гүн автаж, тэднийг сайн сайхан байлгахын тулд, сэтгэл амар амьдруулахын тулд “Хүн өөрөө сайн явж, зөв амьдрах” хэрэгтэйг алхам бүртээ сануулдаг байснаас ээж аав гэдэг миний бүх амьдралын зорилго, алсын хараа, чиг шугам байдаг. Тэдний хэлсэн үг, захьсан сургаалгүй би хэн байх байснаа төсөөлж ч дийлэхгүй тийм их нөлөө бий. Надад хорвоо дээр Элон Маскаас илүү ээжийгээ санаж нулимстай найргаа уншдаг Бадарч гуай, элгээрээ уйлж шүлгээ тэрлэдэг Б.Лхагвасүрэн агсан гүн сэтгэгдэл төрүүлж, агуу хүмүүс шиг санагддаг юм. Ээж маань хэдий бурхны оронд буцаж, би хэдий гашуудлаа зуурч ганцаардлаа дийлэхгүй агсамнаж амьдарч байгаадаа ч хэлж байгаа юм биш. Ээж маань амьдад ч бид 2 энэ 2 эрхмийн тухай нэвтрүүлэг, хүүрнэл бүрийг алдалгүй үзэж, сонсдог байсан. Ээж, аавын номын санд энэ 2 эрхмүүдийн бүх түүвэр бий. Зүгээр л уй гашуугаар хачирласан их хайрын дууль юм уу даа. Тиймээс би та нарт хүн агуу байхын тулд заавал том сэтгэж, хол харах албагүйг дахин сануулах гэсэн юм.

Хүн хүн байхын тулд, агуу байхын тулд зүгээр л ижий ааваа хайрлаж, хүндэтгэж, хүнийг хайрлахын эхний ойлголттой болохын ач холбогдлыг л ойлгуулах гээд байна. Хүн та ганцаараа энэ уудам хорвоод хэн ч, юу ч биш. Харин ижий, аавын, ахан дүүгийн, найзын, дүүгийн, танилын гээд олон сайхан хүмүүсийн хайр энэрлээр амьдралыг аз жаргалын нүдээр хардаг юм шүү. Хүнийг хайрлаж сурна гэдэг чинь ухаан. Түүнийгээ ойлгож мэдэрнэ гэдэг чинь бас ухаан. гэж ижий чинь дандаа хэлдэг сэн. Үнэн, сайхан үгс явдалд тустай болохоор эцэг эхийнхээ үгийг хариулах гэж биш сонсох гэж сонсож байгаарай гэж захья.

Бас над шиг хожидмсон хойно нь гашуудлаа зуурч амьдрахгүйн тулд одоо байгаа дээр нь сайн охин, сайн хүү нь байгаарай. Бас хорвоо дээр муугаасаа сайн нь илүү байдаг чинь, үнэхээр, бүр үнэхээр үнэн шүү.

P.S ILY

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet