ЦАРЦАА НАМЖИЛ-с сурах нь
Алхаж байгаа алхам бүрээ ажвал амьсгалж буй агаар бүрээ чагнавал тэнд үргэлж тайвшрал, энэрэл, хайр байдаг.
Таксины жолооч ах бид хоёрын энгийн нэг хэн хэн нь хэнд ч гэм хийгээгүй хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн хирнээ үргэлж ганзага дамжсан үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, гар дамжиж үнэгүйдэж ирсэн ажил олдож, газар хэмлэж үргүйдүүлж ирсэн халамж нэхэж суугаа энэ цаг үеийн гомдоллонгуй ярианд хүртэл сурах суралцах нэг ширхэг зүйл байсан юм.
Ах нь амралтын өдрөөр Bloomberg, National geography сувгууд үзэх их дуртай. Хэлийг нь ойлгохгүй ч гэсэн үзээд л байдаг юм. Тэгээд нэг Хятад баян эмэгтэйн тухай нэвтрүүлэг үзсэн юм. Тэр эмэгтэй Хятадын жижигхээн тосгоны хүүхэд байж л дээ. Тэгээд нас бие гүйцээд нутаг заагдаж нөхөрт гарчээ. Харь газар оронд танихгүй эртэй сууж. Өнөөх эр нь өөрөөс нь олон насаар ах, орон гэр гэж хуучирч муудсан шавар байшин, нутаг орон гэж зах хязгааргүй элсэн цөл л байж дээ. Охин эхэндээ байгаа бүх зүйлтэйгээ дасахгүй уйлаад л байдаг байж. Гэрээс нь холгүй нэгэн довцог дээр гараад төрсөн гэрийнхээ зүг харан уйлаад л байдаг байж. Нөхөр нь охиноос хол зогсоод охиныг гэр рүүгээ гүйгээд явчих нь уу дээ гээд ажаад л байдаг гэнэ. Охин гэнэт сэхэл авсан мэт нэг л өдөр энэ зах хязгааргүй шуураад л байдаг элсэнд учиргүй дүргүй нь хүрч түүнтэй тэмцэхээр шийдээд 5 ширхэг мод гэрийнхээ хашаанд тарьжээ. Эхний тарьсан моднуудаас нь ганц нь л ургах ч юм шиг дүрийг үзүүлж бусад нь ургасангүй гэнэ. Охин огт шантралгүй жил бүр тариад л байж, тариад л байж. Одоо энэ эмэгтэй Хятадын хамгийн баян таримал зүлэг ногооны гүрэнт улсын хатан болжээ. “Би 40 жил элстэй тэмцэж 40 жил мод тарьж байна. Би одоо ч тарьсаар байгаа” гэж ярьж байна билээ. гээд таксины жолоооч ах хэсэг дуугүй байснаа “болохгүй бүтэхгүй зүйл гэж хорвоод ер нь алга аа, ганц хүн ганц айл бүхэл бүтэн элсэн талыг ургамал ногоогоор бүрж баянбүрд байгуулж байхад тэ?” гэж нэг их том над руу харж билээ.
Ер нь хүн гэдэг юу гээчийн их нөөц бололцоо дүүрэн агуу хүчтэй амьтан бэ? Түүний хийж чадах, бүтээж дийлэх бүхний дэргэд цаг хугацаа хүртэл юу юм бэ? л гэж бодогдсон доо. Тууштай нэг л үйлдлээ давтсаар яваад Шамбалын оронд хүрдэг ЦарцааНамжил билүү хүүхэлдэй гэнэт санагдаж билээ.
“2 оготно бувар бувар. 2 зээр жорон, жорон. ….” өөр юу ч билээ? кккк гоё кино шүү.