Хүүхэд өсгөнө гэдэг…
Хүүхэд өсгөнө гэдэг чинь, алаан байхгүй юу. гэдгийг би бага сага гадарлана аа. Хүүхэд нь том болох тусам ээж аав маань яаж бид нарыг өсгөсөн юм болоо? л гэж гайхах вий. Мэдээж хүн болж төрсний эрхэм зорилгуудын нэг нь үр удмаа үлдээх. Үлдээх үлдээхдээ олигтойхон хүн шиг хүн үлдээчих юмсан гэх зорилго. Тиймээс хүүхдийн хүмүүжлийн талаар хэдэн зүйл сонирхуулья. Хэрэг болж магад.
1. Бид нар өдий зэрэгтэй олигтой яваа нь ээж аавын маань агуу их ухаан тул бид хүүхдийнхээ учрыг олохоо байхаар эмээ өвөөг нь бараадуулья л гэж бодогддог. Энэ нь ч зөв. Би өөрөө эмээгийн хүүхэд болохоор ч тэр юм уу, эмээ өвөөгийн хүүхдүүд дор хаяж хүн хүндэтгэж сурсан юм шиг санагддаг учраас бүх эмээ өвөөгийн хүүхдүүдэд би хайртай.
2. Заавал хүүхдээ Харвардад сургаад, баяжуулаад, математикч болгоод, таван улсын хэлтэй, тавин орноор аялуулж нүдийг нь тайлуулах албагүй ээ. Би хувьдаа хүн нэгд хүн шиг хүн л байгаасай гэж хүсдэг. Манай ээж аав ч тэгж л сургасаар ирсэн. ХҮН ШИГ ХҮН гэдэг нь гэр орны хүмүүжил сайтай байхыг хэлдэг гэж би боддог. Гэрийн хүмүүжил л хүний суурь боловсрол түүнээс цааш хэрхэн биеэ авч явах нь хувь хүний чадавхийн асуудал. Сайн гэрийн хүмүүжил гэдэг чинь юу болох болохгүйг мэддэг, ээж аавын үлгэр дуурайллууд л юм даа.
3. Үе үеийнхэн өөр болж байгаагаас хүүхдээ хараад гайхаж барьц алдах үе бишгүй гардаг аа. Үүнийг өөрсдөө л ойлгож мэдэрч арга хэмжээ авахаас өөр арга байхгүй. Уламжлалт хүмүүжлийн аргууд зохицохгүй байх үе бишгүй гарна. Би бол илүү хүүхэдтэйгээ найз шиг байх гэж хичээдэг юм. Гэхдээ мэдэхгүй ээ, юу ч болох юм байгаан? хэхэ Хэт найз шиг нь байгаад байвал миний үеийг үл тоох хандлага гаргаад байдаг тул тун хэмжээг нь маш сайн тааруулж харьцах ёстой юм билээ.
4. Би өөртөө нэг дүрэмтэй. Хэзээ ч хүчилж тулгахгүйгээр илүү далд нүдэнд харагдахгүй байдлаар хүүхэддээ хүслээ ойлгуулж, өөрөө хүсч хийж байгаа мэт байлгахыг хичээдэг. Хүүхдээ номоо цэгцтэй эдлэхийг шаардмаар байвал номоо цэгцтэй эдлэх тухай хүүхдийн зохиол уншиж өгөх, өглөө бүр янзалж өгөх гэх мэт. Байнга цүнх нь эмх цэгцтэй байгаад л байвал өөрөө ийм байлгаад сурчих тухай… Хүүхдээ цэвэрхэн явуулахыг хүсвэл үргэлж цэвэрлээд л явуулаад байна. Ингэсээр байтал хүүхэд өөрөө бие даах үедээ цэвэрхэн явахыг урьтал болгоод сурчихна ч юм уу? Хэрүүл хараал, уур уцаар сонсгохгүй өсгөх юмсан, хамгийн хайртай хүмүүс нь нүдэн дээр нь бие бие рүүгээ уралцахыг харуулахгүй өсгөх юмсан, дутсан биш хайрлагдсан, дүүрсэн мэдрэжүүдтэй байгаасай.
Гэх мэт баримталдаг зарчмууд бий. Эдгээрийг би маш их уншиж судалж байж сурч байгаа. Бид нар чинь бүгдээрээ л өмнө нь эцэг эх байж үзээгүй шүү дээ.
Тиймээс доорх хоёр номыг хүүхэдтэй эцэг эхчүүд заавал уншаасай гээд санал болгоё. Хэрэгтэйгээ аваад явбал…
1. “Еврэй хүмүүсийн боловсролын нууц”
Дэлхийн бүх Нобелийн шагналтнууд, эрдэмтэд, алдартнууд еврэй хүмүүс байдгийн шалтгааныг тэдний хүүхдээ хүмүүжүүлдэг гэрийн суурь хүмүүжилтэй холбон үзэж, тэдний хүүхдээ хүмүүжүүлдэг аргуудаас дэлгэрэнгүй тайлбарлаж оруулсан ном байгаа. Анх энэ номыг уншаад манай ээж аав, гэрийн хүмүүжил байна шүү дээ гээд уулга алдаж байсан санагдаж байна. Их уншууртай, хэрэгтэй олон зөвлөгөөтэй ном шүү.
2. “Франц хүмүүжлийн нууц”
Манай монгол хүүхдүүд хэдий сайн хүмүүжилтэй, боловсролтой байсан ч бүрэг ичимхий байдаг нэг гэм байдаг даа. Энэ нь бидний хүүхдээ өсгөхдөө, ах захыг мэдрүүлэх гэсээр байгаад суулгачихдаг зан шиг байгаа юм. Тиймээс энэ номыг би заавал санал болгомоор байна. Энэ ном илүү бие даасан хүн болгохын тулд хэрэгжүүлж болохуйц европ хүмүүжлийн нууцууд юм. Франц хүмүүс бие даасан, өөрийн үзэл бодолтой байдаг нууц мөн л тэдний хүмүүжилд байгаа. Харин үүнийг нэгэн Америк ээж Францад амьдарч байхдаа өөрийн биеэр ойлгоод гаднаас нь харж бичсэн болохоор энэ ном надад их таалагддаг юм.
3. Мөн Япон анимэнээс илүү гэр бүлийн сэдэвтэй олон ангит кино үзүүлэхийг хүсдэг ч хүслээр тэр бүр болохгүй ээ. Миний багад Ошин гээд кино гардаг байсан юм. Тэр киноноос өөр үзэх юмгүй болохоор үзсэн ч, энэ кино гарч байх хугацаанд бүх хүүхдүүд гэрээ сайн цэвэрлэж, ээж аавынхаа үгэнд сайн орж байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ кино бүхэлдээ ажилсаг гайхалтай охины амжилт. Ажилсаг байхын гайхамшиг. Энэ мэт суртал ухуулга гүн шингэсэн зүйлс үзүүлж харуулахыг хүсдэг ч нүднээс далдуур юу болж байгааг бүү мэд. Гол нь аль болох Монгол контентуудыг хорьдог ч тэр Том Толгойт ч билүү киног нь дийлээгүй ээ. Хэхэ
4. Бид хоёрын хамгийн санаа нийлдэг нэг л ном бий. “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” цувралууд. Хэхэ
Хамгийн аймаар нь хүүхдийн ном ч тэр, кино ч тэр одоо бүтэн бизнес болчихсон. Хамгийн бизнес баймааргүй зүйл байтал бүхэлдээ бизнес болчихсон нь миний тэмцэл туйлдахад хүрч байгаа юм. Оддын дайнаас эхэлсэн юм болов уу ? гэж заримдаа уур ч хүрэх шиг…
Тэгээд яахав дээ, бүгдээрээ ямар өмнө нь эцэг эх байж үзсэн биш алдаж онож байгаад дор хаяж өөрсөд шигээ л хүн болгоод тавьчихвал болоо болоо, тэ?
CHEERS and MERRY CHRISTMAS.