ХҮНСНИЙ ЭРҮҮЛ АХУЙ
Хүнсний эрүүл ахуй
Би хүнсэндээ учиргүй анхаардаг төрлийн хүн биш ээ. Өөрөө хоол хийхдээ муу болоод ч тэр үү хоол хийх, түүнд анхаарал хандуулах нь яагаад ч юм миний өөрийн буруу юм шиг санагдаад байдаг юм. Тиймээс би ухаалаг худалдан авагчид мэдэж байх шаардлагатай хэдэн зүйлийг сурснаа толилууья. Хүнсний эрүүл ахуй гэдэгт хүнсний хангамж, эрүүл ахуй, илчлэг гэдэг ойлголт байдаг юм билээ.
1. Манай ах одоо АНУ д хүүтэйгээ амьдарч байгаа юм л даа. Тэнд амьдарч эхэлсэн эхний сонирхолтой зүйл нь АНУ д очсон хүн бүр таргалаад байдаг тухай. Энэ таргалалтын гол шалтгаан нь АНУ ийн хүнсний бүтээгдэхүүнүүд Монголд зардагаас мааш өндөр илчлэгтэй байдаг гэнэ. Тиймээс Монголд 2 ширхэг өндөг иддэг хүн Америкт 2 ширхэг өндөг идвэл Монгол 5 ширхэг өндөг идсэнтэй дүйх хэмжээний илчлэгийг авах нь ээ. Тиймээс улс улсын хүнсний илчлэгийн хэмжээ өөр өөр байдаг байна. Энэ нь тухайн улсын хүнсний илчлэгийн стандартаас хамаардаг байна. Манайд ийм зүйл байдаг л юм билээ. Үйлдвэрүүд нь мөрдөж ажилладаг эсэхийг мэдэхгүй байна. Мөн хүнсэнд шим тэжээлийн, илчлэгийн гэж хоёр зүйл яригддаг юм байна. Илчлэгиийн гэдэг бол дээр хэлсэн шиг өндөгний асуудал. Түргэн хоол унданд хэрэглэдэг огт шим тэжээлгүй хэрнээ илчлэг агуулсан хүнсийг хэлж байгаа юм байна. Шим тэжээлийн агууламж ч мөн улсынхаа стандартаасаа хамаараад хэрхэн тарьж ургуулж, үйлдвэрлэж байгаагаас шалтгаалан өөр өөр байдаг байна. Уг нь бол шим тэжээл багатай хоосон өндөр илчлэгээс илүү шим тэжээл их авах нь эрүүл хүнсний гол зарчим байдаг байна. Тэгэхээр импортын хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо анхаараарай.
2. Би дээр Талх чихэр, Өгөөж, Сүү гэх мэт манай томоохон хүнсний үйлдвэрүүд маш цэвэрхэн орчинд ажилладаг юм билээ гэж байсан даа. Энэ үнэхээр үнээн. Бүр архины АПУ ч ийм л цэвэрхэн. Энэ нь итгэл төрүүлмээр. Мөн эдгээр том үйлдвэрүүд хажуудаа шинэ бүтээгдэхүүний дээж сорилтын лабораториудтай байдаг. Мөн л итгэл төрүүлмээр. Харин тээвэрлэлт нь хэр цэвэр аюулгүй орчинд явагдаж, хадгалалт нь хэр найдвартай байдаг эргэлзээ төрүүлдэг. Хүн ер нь мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их айдаг тэ? Тийм ч болохоор Япон, Солонгосынхон хашаандаа тарьсан ногоогоо, далайгаас өөрийн гараар түүсэн загасаа идэх гэж хошуурдаг юм байна. Хэрэв та нар Discovery Korea, Walking around neiborhood гээд солонгос нэвтрүүлгүүд үзэж, Икигай номыг уншвал урт насалж удаан жаргахын нууцаа тэд гэрийнхээ хашаанд тарьсан ногоог идэхэд л байгаа гэж хариулахыг харна. Мөн өөрсдөө ямар ажилсаг гэж санана аа. Үүр цүүрээр босоод л талбайдаа ажиллаад л , ногоогоо тариад л, услаад л, далай руу явж загасаа бариад л… Үнэхээр мундаг ажилтай хүмүүс. Энэ хүмүүс л органикийн тухай ярих эрхтэй ч юм шиг санагдсаныг нуух юун. Харин манайх шиг хэрэглэгч, залхуугийн дээд залхуу улсууд органикийн тухай яриа байх ёстой ч юм уу бүү мэд. Тиймээс би энэ тэр сайн гэж зөвлөмөөргүй байн аа энэ бичлэгт. Харин үнэхээр органик зүйл идэж ууж сайхан амьдармаар байвал идэхийг хүссэнээ тарьж ургуулаад, үржүүлээд өөрийн гараар л бэлдэж сурцгаа гэж зөвлөе. Мэдээж тэдгээр улсуудын хүнсний үйлдвэрлэлийн стандарт манайхаас давсан нь тодорхой. Гэтэл өөрсдөө тарьж идэхийгээ л органик гэж тайлбарлаж байгаа юм. Ажилтай хүн ам тосдоод зогсохгүй, эрүүл энх тунх амьдардаг байх нь ээ.
3. Бас нэг сонирхолтой зүйл бий. Сүүлийн үед бүгд л органик зүйл рүү хошуурах болсон ч органик гэж яг юу гэж хуульчилсан ямар шошготой бүтээгдэхүүнийг хэлдэгийг та нар мэдэхгүй болов уу гээд ухаалаг хэрэглэгч танд доор зургийг хавсаргасан байгаа. Хамгийн энгийнээр органик бүтээгдэхүүн гэдэг нь ямар нэг генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн, ионжуулах туяа ашиглалгүй тарьж ургуулсан болон мах сүү, өндгөнд бол антибиотек болон өсөлтийн даавар ашиглалгүй үржүүлсэнийг хэлдэг байна. Хүнсний ногооны талбайг органик статустай болгохын тулд 3 жил шаардлагатай. Эхний 2 жилд хөрсний үржил шимийг сайжруулах үйл ажиллагаа хийгдэх ба эхний жилийн үржлээр гарсан хүнсний ногоог органик гэж тооцдоггүй байна. Доор хавсаргасан органик бүтээгдэхүүний шошгуудыг харвал органик болохоор бэлдэж байгаа гэж хүртэл шошго байдаг юм байна шүү. За тэгээд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс ч яахав, хадгалалт тээвэрлэлтийг нь мартаад бүртгээд итгэж болмоор байдаг юм байж гэтэл 18 оны байдлаар махны 6.6 хувь, сүүний 2.4 хувийг л шаардлага хангасан үйлдвэрийн нөхцөлд боловсруулдаг байна. Тэгэхээр үлдсэн бүх хувийг бид ямар ч баталгаагүй, идээд үхсэн ч заргалдах боломжгүй эх үүсвэрээс хангадаг байна. Аймаар байгаа биз? Тэгээд одоо Монгол хүн байна даа, үхчихгүй байлгүй гээд хархны ходоодтой явах ёстой юм байлгүй.
Бүгдээрээ ухаалаг хэрэглэгч болохын төлөө тасралтгүй өөрсдийгөө хэгжүүлж, ажилтай анхиатай л амьдрах хэрэгтэй болж байна даа.
4. “Хара хачи бу” буюу “Хэт цадталаа идэхгүй, нийт хоолныхоо 80 хувийг идэх” гэх ядон зарчим хэрэгжүүлэх нь эрүүл урт наслалтын гол нууц байна. Япон гэлтгүй франц хүүхнүүд ч энэ зарчмаар хооллодог гэсэн. Энэ нь тултал нь дүүртэл нь идэхгүй байх, яг цадах гээд байгаа ч тэр хүрээд зогсож өөрийгөө барьж сурах хэрэгтэй. Ялангуяа хоолны десерт хэсгийг алгасах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. “80 хувийн зарчим хэрэгждэггүй зүйл гэж алга аа” гэхдээ надад энэ дүрэм их таалагддаг шүү. Их үнэмшилтэй. Би ч бас хэт цадталаа идэхийн эсрэг үзэлтэй. Аль болох аяга тавгаа жижгийг сонгож хэт цадталаа идэхгүйг хичээдэг. Энэ нь жингээ барихад ч тусалдаг. Мөн эрүүл байх гол үндэс гэнээ. Хэт цадгалдан идэх нь биеийг нозооруулж, залхуу хүргэж, хамаг энергийг маань хоол шингээхэд зарцуулдаг байна. Энэ талаар дэлгэрэнгүйг Икигай номоос уншаарай.
5. Мөн энэ номонд бичсэнээр хүн хэр эрүүл хооллож байгаагаа мэдэхийг хүсвэл хэр их хүнсний ногоо хэрэглэж, хэр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаар дүгнэж болно гэж япончууд үздэг байна. Тиймээс эрүүл саруул урт удаан амьдрахыг хүсвэл хоолны ширээн дээрх бүтээгдэхүүнүүд чинь солонгын 7 өнгөнөөс дутахааргүй өнгөлөг баялаг байж чадаж байгаа эсэхийг анхаарч байхыг сануулжээ. Манай монголд энэ талаар ойлголт дээр үеэс байхгүй тул энэ чиглэлийн мэдлэг ойлголттой болох, бусад орны хоолны соёлуудаас сурж өөримшүүлэх гэдэг их чухал асуудал болоод байгааг би блогтоо ч энд ч хэлж болох бүхий л сувгаараа хэлсээр байгаа. хэхэ
6. Энэ хоол хүнсний бүтээгдэхүүний хэсэгт сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй хүнсний хэсэгт орсон байсан. Та нар анзаарсан бол далайн уур амьсгалтай орнуудад сүү сүүн бүтээгдэхүүн нэг их хэрэглэдэггүй. Энэ нь цаг агаарын онцлогоос болдог болов уу, мөн загастай тийм ч сайн зохицдоггүй байх. Харин манайх шиг хуурай ширүүн уур амьсгалтай, мал аж ахуйгаараа амьдардаг улсад бол харин илүү зохицмоор санагддаг. Үүнийг Монгол эрдэмтэд судлаад Монголчуудыг зохистой эрүүл хооллолтын талаар танилцуулах хэрэгтэй байх аа. Эсвэл байдаг бол олон нийтэд ил болгож, сурталчлах хэрэгтэй.
7. Мөн Икигай номонд бичсэнээр эрүүл урт насалмаар байвал антиоксидант ихээр агуулсан хүнс түлхүү хэрэглэх. Үүнд нь төрөл бүрийн ногоон, цагаан цай, жимс жимсгэнэ орж байна. Мөн л эдгээр хүнснүүд манайх импортоор л авч хэрэглэх боломжтой. Мөн уламжлалт эмнэлгээр хүйтний улиралд ногоон, цагаан цай тогтмол уувал сэрүүднэ гэж үздэг. Манайхан сэрүүдэх талаар сайн мэдэх байлгүй. Хүний хийн сувгийн үйл ажиллагаа доголдож бөглөрдөг дөө. Тэгээд хуушуур гэх мэт битүү хоол идэж хий хуйгаа гаргадаг. Хэхэ Зуны улиралд л түлхүү хэрэглэж болохыг зөвлөдөг. Гэхдээ манай Монголд өвөл ургаж үр жимсээ өгдөг жимс жимсгэнүүд байдаг болохоор бидний өвөг дээдэс өөр зүйлээс энэ антиоксидант хэрэглээгээ нөхдөг байсныг үгүйсгэхгүй.Үүнийг мөн л монгол хөрсөнд буулгаж, судалж, нийтэд танилцуулан сурталчлах хэрэгтэй байх.
Энэ мэт хоол хүнсний дэлгэрэнгүй мэдээллүүд болон эрүүл урт наслахын тулд сэтгэл санаа, хоол хүнс, хөдөлгөөн, бодол сэтгэл, амьсгал зэргээ хэрхэн зохицуулдаг Япон хүмүүсийн нууцыг ИКИГАЙ номоос уншиж өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлж болох эсэхийг үзвэл сонирхолтой ном байсан. Та нар бас уншаарай. Ялангуяа хүнсний тал дээр олон хэрэгтэй зөвлөгөө байсан шүү.
CHEERS and MERRY CHRISTMAS
ОРГАНИК ГЭСЭН БОЛГОН ОРГАНИК БАРААНЫ ТЭМДЭГ АВАХ ГЭЖ ДОР ХАЯЖ ГУРВАН ЖИЛ ЗАРЦУУЛДАГ БАЙНА.