Хорьж болдоггүй 20 нас

expert.bunny
4 min readFeb 7, 2020

--

Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас минь, гэдэг билүү? Р.Чойном
20 нас,
Үхэж үрэгдэх, дуусахыг, шавхагдахыг, алдахыг, унахыг мэддэггүй нас. Мэдэх ч хэрэггүй нас. Зүгээр л гоё буцлаад, дарвиад, алдаад өнөө галзуу барын аманд гараа хийж үздэг л нас.
Би энэ насыг дайраад өнгөрсөн хүний хувьд энэ өндөрлөгөөс, хохо. Худлаа тэ?
Зүгээр л БАЙГААГААРАА ГОЁ БАЙГААРАЙ гэж зөвлөхийг хүссэн юм. Надад хамгийн өрөвдөлтэй хүмүүс гэдэг хүүхэд насандаа хүүхэд шиг байгаагүй, залуу насандаа залуу хүн шиг байгаагүй хүмүүс юм шиг санагдаад байдаг юм. Тиймээс залуу хүн юм чинь залуу хүн шиг л байх хэрэгтэй. Дурлааад л, хаягдаад л , хаяад л, бүжиглээд л, илүү их зайрмаг идээд л, аялаад л, шал тэнэг гэмээр шийдвэр гаргаж алдаад л, ажилд орж үзээд л, халагдаж үзээд л… Яахав дээ тэ?
Дуртай зүйлээ олтлоо бүхнийг оролдож үз. Уншиж, үзэж, судалж, элдэв дугуйланд хамрагдаж, цагийн ажлууд хийж, бүр солгой хэрнээ дууны тэмцээнд орж үзсэн ч болно. Чи одоохондоо алдсаныхаа төлөө зэмлүүлдэггүй, харамсдаггүй насан дээрээ байгаа болохоор сонирхсон болгоноо туршиж үзэх хэрэгтэй.
Хэл сурах. Өнөө нийгэмд хэлгүй бол үнэхээр хөлгүй болсон тул заавал англи хэл сур. Өөр олон хэл сур. Хэл сурах аргаа хайж ол.
Боломж олж аялж үз. Ганцаараа, олуулаа, хол ойр аль нь ч хамаагүй аялж үз. Ямар аялал таалагддагаа мэдэж ав. Мөн аялаж үзсэнээр огт биеэ дааж сураагүй дурак гэдгээ ойлгож, аяллаас аялалд биеэ дааж сурна. Энэ насан дээрээ л биеэ дааж сурахгүй бол удахгүй чиний хар толгой цаашаа, гэр бүл эдр гээд илүү том асуудлууд гарч ирэх болно.
Ажил заавал хийж үз. Цагийн ч бай, тогтмол ч бай хамаагүй ажил л хий. Хүний ч бай, өөрийн ч бай хамаагүй ажил хийж үзсэнээр Ажил хийвэл ам тосддогийг сурна. Ажил хийж мөнгө олоод эхэлвэл чи ямар нэгэн байдлаар ӨР тавьж л таараа ба “өртэй Монгол хүн биеэ бодох” ын учрыг ойлгож эхэлнэ. Хариуцлагад суралцана.
Санхүүгийн мэдлэгт бага сага суралц. Ээж ааваараа бүхнийг авуулж болдог, гэр чинь үргэлж интернэттэй байдаг үе үгүй болох цаг тун удахгүй чам дээр ирэх тул аль болох эртнээс халаасандаа байгаа хэдэн төгрөгөөр хэрхэн амьдрах тухай ном сонин сайн уншиж боловсор.
Боловсролыг урьтал болгох. Их сургуулиа хаяна гэдэг эрх хүүхдүүдийн хийдэг үйлдэл шүү. Сургуульд сураагүй баяжсан эрхмүүд чинь орж чадаагүйдээ шаралхаж интернэт, Online сургалтаар өөрийгөө хөгжүүлснээс биш манайхан шиг сургуулиа хаячихаад гудамжинд лааз өшиглөж, хаа нэг газраас уншсан хоосон үгээр өөрийгөө зөвтгөж яваад амжилтад хүрээгүй шүү. Зөвхөн тасралтгүй суралцдаг, тасралтгүй өөрийгөө хөгжүүлдэг хүмүүс л амжилтад хүрдэг. Зүгээр ээж аав чинь төлбөрийг нь төлөөд өгье сураад өгөөч гэж байгаа дээр нь олигтой сураагүй бол чи хожим нь маш их харамсана. Амлая. Хэзээ хойно нь чи өөрөө хичээгээд ч сурч амжихгүй байх үе хөвөрнө.
Одоо яг сурдаг дээрээ байгаа гээд системгүйгээр хаа хамаагүй зүйлс шүүрч аваад хэтэрхий их deep-рээд өөрийгөө зовоогоод байв аа. Гэнэн тэнэг байх гэдэг чинь энэ насны гайхалтай тодорхойлолт байтал хэтэрхий их бодоод гүнзгий сэтгэх гэж хичээгээд хөгжин цэнгэлдэх ч үгүйгээр энэ гоё насыг өнгөрөөвөл дараа нь нөхөж авах гэж маш их зүдэрнэ шүү.
Хөгжин цэнгэ. Залуу байгаа дээр зуны шөнийг бүтэн мэдэрч, зугаатай цагуудын төлөө мөнгө төл яадгийн. Ажиглаад байхад, залуус ид залуу хөгжилддөг насан дээрээ гэр бүлтэй болоод хүүхдээ арай том болохоор энэ алдсанаа нөхөх гэж яваад гэр бүлээ алдаад байх шиг. Бас дараа нь дурсахад “эргүү тэнэг гэмээр зүйлгүй” байгаа бол их л гунигтай залуу нас байж дээ гэж гасална. Одоо л нэг зав гарлаа, одоо л мөнгөтэй боллоо, одоо л аялая гэхээр хэтэрхий том болчихсон эсвэл хэтэрхий хариуцлагатай, хэтэрхий хашир болчихсон байх болно.
Хүсч байгаа зүйлээ олж молох гэж хэт их юм бодох ч хэрэггүй. Амьдралын утга учир эдр т шаналах ч хэрэггүй, угаасаа. Ингэж өөрийгөө зовоохын оронд зүгээр л гоё байгаагаараа байж, байгаа бүхнээс таашаал авахад суралц.
Ядарна гэдгийг мэддэггүй байгаа дээрээ аль болох, байж болох олон зүйлсийг зэрэг хийж, олон зүйл сураад ав.
Ахмад хүмүүст хүндэтгэлтэй хандаж, тэдний үгийг таслахгүй сонсож, авахыгаа аваад, хаяхыгаа хаяж сур. Зүгээр л сонсохгүй байгаа ч сонсож байгаа мэт дүр эсгэ. Эсэргүүцмээр байсан ч бүү эсэргүүц. Ингэлээ гээд амжилт олохгүй. Харин дуугүй сонсож, зөв асуултаа асуувал чамайг үнэлнэ.
Ном унш. Кино үз. Тоглоомоо ч тогло. Бүр ханатлаа, харамсахгүй байтлаа л хийгээд ав.
Бичгийн хэл боловсролоо сайжруул. Удахгүй ажилд орох өргөдөл эдр гээд зүгээр нэг банктай харьцсан ч бичгийн үг хэллэг чинь сайн байх хэрэгцээнүүд гарна.
Өөрийгөө олигтойхон авч яв. Нарги цэнгэ гэсний зоргоор тэнэгэрч явж байгаад хэрэггүй хүмүүстэй орооцолдож эцэг эхээ хатаав аа. Зөв бодолтой, төв суурьтай байхад суралц. Үгүй гэж хэлэхэд суралц.
Найз нөхдөө таньж сур. Найзгүй бол үхчих юм шиг санагдаж байгаа ч тэгэхгүй ээ, найз нөхөд байтугай эцэг эхгүй болсон ч үхэх хүсэлтэй байсны зоргоор үхчихдэггүй юм. Зөв сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь маш чухал шүү.

ILY

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet