Хоолоо идээрэй, дулаан яваарай, эмээ нь
Once upon a time,
Хоногийн 24 цаг галт тэрэг хойноос урагш, урдаас хойш хөлхөх жижигхэн хөлийн хотод би төрсөн байдаг юм. Хүмүүс үнэндээ тийм ч хөдөлгөөнтэй, бүтээмжтэй амьтан биш. Бидний боддогоос ч бүтээмжгүйг та нар анзаарвал гайхна даа. Тэр жижигхэн хотод маш удаан өрнөлд мэдэрнэ. Тасралтгүй хөдөлгөөнтэй, тасралтгүй бүтээмжтэй нь гол, ус, салхи, элс, нарс, үүлс, од, галт тэрэг. Одоо ч надад дурсагддаг нь хүн гэхээсээ эдгээр зүйлс л байна. Бас ЭМЭЭ.
Тэр жижигхэн хотод мэдээ орохоос минь өнөөдрийг хүртэл нэг өнгөөрөө байгаа цэнхэр 5 давхар байрнууд бий. Тэр байрнуудын тагтан дээр хэц татаж тохсон өнгө өнгийн орны даавуу, нойтон хувцас, нэвт салхилснаас хаалга нь савж цуурсан шил, хотын айл шиг битүүлэх гээд вакум нь дутсанаас хагас үлдээсэн вакум шил, цэцэг тарьдаг цэцэгчин багшийн услаагүй удсанаас үзүүр нь шарласан мөлхөө цэцэг, ач зээгийнхээ хүслийг биелүүлж авч өгсөн, хүүхэд шигээ тойлболдог буржгар хар нохой Мишка, механик ахын нөхөх гээд хадгалсан дугуйнууд, гэртээ эзэгтэйн ажилтай, ажилсаг эгчийн боорцог хайрдаг зуухны яндан, дээд айлын хүүхдийн ус шүршиж тоглож байгаад унагаагаад тохогдсон усан буу, говиос нүүж ирээд идээшилж дийлэхгүй нутаг санасан сэтгэлээр хэц татан мах борцлоод голыг нь харлуулчихсан өлгөсөн мах юу эс байх вэ? Эдгээр тагтанд амьдрал оршдог байж билээ.
Харин миний тагтанд “Хоолоо идээрэй” гээд далладаг урт буурал үсээ дээш жимбийтэл нь шүлжиж шуугаад ганган сам хатгачихсан жижигхэн биетэй бор эмээ минь л байлаа. Тийм ээ, эмээ минь л байлаа. Ээж, аав завгүй амьдралд бидний хүүхэд насанд бүхэлдээ эмээ минь л байлаа. Эмээ байг, боль, тэг, ингэ гэж зааж байсныг санадаггүй ч эмээ биднийг хүн болгож хүмүүжүүлсэн гэж бодогддог юм. Эмээ, өвөө нар яг юу хийдэг, ямар нууцтай болохоор эмээ өөвгийн хүүхдүүд хүний дээд болсон байдаг юм бол? Бид нар эргээд тийм эмээ өвөө болж ирээдүй хойч үеэ тийм сайхан хүмүүжүүлж чадах болов уу? Энэ хүмүүжүүлдэг арга ухаан нь хүндээ ирдэг юм болов уу? Өтлөхөөр суучихдаг эд юм болов уу?
Эмээ минь тэгж зааж сургасан даа гээд уудалья гэхээр яг тэгдэг байж билээ гэх зүйл огт санаанд орсонгүй. Зүгээр л “хоолоо идээрэй”, “ямар хоол идэх вэ?” “ тэтгэтэр буусан өдрийн атга дүүрэн алаг цаастай чихэр”, “холдоод харихад учиргүй биесээ санаад өвөрт нь унтдаг байснаа” “сүүнд гар гээд 3 литрийн битонтой гаргадаг байсныг” “төмс арилгуулах гээд чадалгүй өөрөө бүхнийг хийдэг байсныг” “хамт хөзрөөр элдэв тоглоом тоглож” “хааяа найз хөгшчүүлтэйгээ даалуу тавьж идэр залуу насныхаа үлгэр оньсого шиг түүхүүд хөөрөлддөг байсныг” “утас сүвлэ гэж сүвлүүлээд өдрийн гэрэлд үйл мэтгэдэг байсныг” “аавын гараар бэлдсэн хөнгөн цагаан хэвэнд талх, боов барьдаг байсныг” “унтахад хөл нь даарчих вий гээд бидний хөнжлийг үргэлж хөл доогуур янзалж өгдөг байсныг” “тог тасрахаар хүүхдүүд айчих вий гээд унт боль гэдэг байсныг” “тамхины үнэрийг” “эмээгийн тамхины савыг” “эмээгийн жижигхэн цагаан ясан тамхины соруулыг” “эмээгийн хамаг зүйл бараг ор хөнжилтэйгээ багтчихдаг жижигхэн будаг нь халцарсан бор авдрыг” “болохгүй бол ээж аавд нь хэлнэ шүү гэж айлгахыг” гээд нэг их тэгвэл сайн хүн болох, муу хүн болох тухай лекц сонсож үзээгүй байна. Бас хэзээ ч бид нар руу уурлаж хашгирч байгаагүй. Хамгийн их уурлаж яахаа мэдэхээ байвал “ээж аавд чинь хэлнэ шүү” л гэдэг байсан бололтой. Тийм болохоор ч юм уу эмээтэй айж ичих зүйлгүй хамгийн өөрөөрөө байж үзсэн юм шиг. Эмээ рүү уурлана, хашгирна, муудна, сайдна, хуурна, хулгайлна бас хамт инээнэ, хөгжилдөнө, алхана, тоглоно, хамт суралцана, ажиглана… Амьсгалынх нь мөрөөр халтартаж зам таттал цонхон дээр хүн, тагтаа, галт тэрэг, гол, салхи ажиглаж өнждөгсөн.
Саяхан нөгөө алдарт У Ёны тэмдэглэл үзэж байтал ганц бие ээж үгэнд ордоггүй хүүгээ учрыг нь олдоггүй гээд орж байна. Ээжтэйгээ хараал хэлж, зандарч харьцаж бүр ээжийгээ зодно. Гэтэл ээжийнх нь аав буюу хүүгийн өвөө хүүтэй хамт байхад хүү нэг ч удаа тийм авир гаргадаггүй. Өвөөг 5000 төгрөг өгвөл 10000 болгож өг гэвэл өвөө яг хэлснээр нь өгчихнө. Ролик унаж сурахад ээж нь унана, унана гээд л чаргууцалддаг бол өвөө зааж өгөөд л хаячихна. Хүү аандаа унаж босож байгаад сурчихна. Тэгтэл зөвлөх хүү өвөөтэйгээ зүв зүгээр байна. Өвөө хүүгийн харилцаа маш тайван сайхан байна. Яг л өвөө шиг нь хүүтэй харьцаарай гэдэг. Өвөө хүүгийн гуйлтыг тайван сонсож өгнө. Чадахыгаа биелүүлээд өгнө. Бие даах боломжийг нь олгоно. Өөрөөрөө байх боломжийг нь олгоно. Харин ээж? Яг биби хаха.
Ээж аав, эмээ өвөөгийн ялгаа энэ байдаг шиг санагдсан. Ээж аавууд, жишээ нь би одоо хүүгээ бусад хүүхэд алхаж байвал алхах ёстой гэж шахна. Бусад хүүхэд ярьж байвал яриулж сургах гэж шахна. Уг нь хүүхэд өөрийнхөө биологийн өгөгдлөөр боломжтой хугацаандаа бүхнийг хийчихийг мэдсэн хэрнээ л бусдаас дутах гээд байдаг юм уу эсвэл өөрийнх нь хүүхэд ямар нэг учир дутагдалтай байх бий гэж санаа зовдог юм уу үргэлж л ямар нэг өөрийнхөө сэтгэл зүйн асуудлаараа шахаж тулгадаг аж. Ер нь тэгээд асуудалтай байсан ч яахав дээ. Шахаж хүүхэд зовоож байхаар сайтар ажиглаж байгаад мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад явах боломжтой замаар нь л явуулна шүү дээ. Тэрнээс дутчих вий, тийм болчих вий, ингэчих вий, тэгчих вий гэдэгтээ хүүхдээ эрх чөлөөтэй өрийнхөөрөө байх боломжийг нь хязгаарлаж хар нялхаас нь их шахдаг шиг санагдлаа. Би ч бас. Харин эмээ өвөө нар тэгдэггүй. Хүслийг нь сонсоно, биелүүлж өгнө, боль гэдгийг уурлаж хэлэхгүй үлгэрээр хэлж өгнө, болохгүй гэж зандрахгүй “баба” гэж аядуу авиагаар заана. Ийм тухтай таатай болохоор, бүр эмээ өвөөд дургүйцлээ илэрхийлсэн ч сонсож өгдөг болохоор хүүхдүүд тэдний өвөрт өөрийнхөөрөө хүн болж өсдөг шиг. Ямар нэг ээжийн, аавын гаргаж ирсэн төсөөллийн загварын хүн биш яг өөрийнхөө хүссэн цэцэг зурдаг, ханын цаас урдаг, шалны шороо иддэг зүгээр чөлөөтэй байж сурдаг байх нь. Тиймдээ тэд илүү зөөлөн хайр дүүрэн хүн болдог байх нь. Өөрийгөө юунд дуртай, дургүйг таньчихдагтаа бүхнийг ойлгож хүлээн зөвшөөрдөг болчихдог байх нь.
Бид нар эргээд тийм эмээ өвөө болж ирээдүй хойч үеэ тийм сайхан хүмүүжүүлж чадах болов уу? Энэ хүмүүжүүлдэг арга ухаан нь хүндээ ирдэг юм болов уу? Өтлөхөөр суучихдаг эд юм болов уу?