Хамгийн гунигтай хүсэл минь
Үзгээ аваад хамгийн гунигтай тэмдэглэл бичихээр зориглон хэсэг бодлогоширохдоо “Хүмүүсийн хамгийн гунигтай үе нь юу байдаг бол?” гэж асуулаа. Мэдээж ихэвчлэн эрдэнэт амьдралд баяртай гэж хэлэхийн өмнөх өдөр, цаг байх. Эсвэл хамгаас хайртай хүнээ үдэх мөч байх. Ямартаа ч өөрөө ч бай, өрөөл ч бай дуусахын яг өмнөх мөч байх. Салалт нь биш, салахын яг өмнөх татагдал байх.Яг л ямар нэг зүйлийг давах уу, живэх үү гэж эргэцүүлэх тэнхээгүйгээр хариуг нь хүлээж авчихаад, эцсийн удаа зууралдмаар санагдаж яах гэж байснаа, яахыгаа мартчих хором байх. Харин миний хамгийн гунигтай тэдэглэл “Үхэхээсээ өмнө хэн нэгнээр хайрлуулж үзэхсэн” гэдэг өгүүлбэр байлаа.
“Амьдрах сайхан” гээд Солонгос хөгжимт кинонд хавдар тусаад үхэх дөхсөн эмэгтэй хамгийн их хийхийг хүсч буй зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад дээрх зураглал гардаг юм. Хүсч буй зүйлийнх нь хамгийн сүүлийнх нь “хайрлуулж үзэхсэн”. Энэ хэсгийг үзээд тэр өдөржингөө өмнөөс нь гуниглаад хоол хоолойгоор давахаа байгаад хэсэг эморлоо. Юу ч юм бөөн хар юм хоолойд тээглээд нулимс асгараад болдоггүй. Хүний зовлонг өөрийх шигээ мэрдэгээс болоод байгаа юм уу, өөрт минь бас ийм өгүүлбэр хадгалаатай байгаагийнх юм уу бүү мэд. Тэгээд бодолдоо, төсөөлөлдөө, гунигтаа жидлээ дээ. Хэхэ
Хүмүүс тэгвэл юу хүсдэг вэ? Мэдээж өөрт нь байхгүй зүйлээ. Машингүй нь машин, байргүй нь байр, хүүхэдгүй нь хүүхэд, нөхөргүй нь нөхөр, ажилгүй нь ажил, мөнгөгүй нь мөнгө хүсдэг. Хайрлуулж үзээгүй эмэгтэй хайрлуулж үзэхийг хүсэх ч хуулиараа л болж байгаа зүйл байтал би түүнд нь яагаад гуниглаад байгаа хэрэг вэ? Хэтэрхий өрөвдөлтэй санагдсан хэрэг. Гэр бүлтэй, нөхөртэй, 2 сайхан хүүхэдтэй, найз нөхөдтэй байж хайрлуулж үзэхийг хүстэлээ хайраар дутсаныг нь өрөвдсөн хэрэг. Өөрт минь ч ийм өгүүлбэр хэлэх хүртэл дутуу зай сэтгэлд минь бас байгаа хэрэг. Өөр олон олон эмэгтэй өнөөдөр ийм гуниг тээж амьдарч байгаа үнэнг олж харсан хэрэг. Дахиад эхлэе. Хүн байхгүй зүйлээ л хүсдэг. 7,8 тэрбумуулаа нэг дэлхийд, нэг хэлээр ярьдаг сая саяараа хөрш зэргэлдээ амьдарч, үр хүүхэдтэй болж, гэр бүл зохиож амьдрах хэрнээ хайр хүстлээ яаж амьдарсан болж байна аа? Өөрийнхөө хамгаас хайртай хүнд хайрлагдаж чадахгүй байх, өөрийгөө хайрлаж мэдэхгүй байх гэдэг л өвчин юм уу даа, ер нь. Энэ бүх сэтгэлийн зовиур ужгирч хүндрэхээр махан бие нь ч дааж дийлэхээ больдог юм болов уу даа.
Ийм зовиуртай хүн бүхэнд хандаж ямар нэг зүйл бичихийг хүссэн юм. “Тийм ээ, би чамд хайртай. Өөр хэн ч чамайг хайрлаагүй, хараагүй, тоогоогүй, үнэлээгүй, хүндлээгүй ямар амьдралаар амьдруулсан ч бай хамаагүй, чи өөрийгөө хүртэл ямар адгийн новш гэдгийг мэддэг байсан ч хамаагүй би чамд хайртай. Нар” Би ч бас чамд хайртай шүү, гэж хэлэх гэсэн юм. Чи байгаль дэлхийгээ хайрладаггүй, бүр ухаж төнхөж сүйтгэдэг, дайн дажин дэгдээж цөмийн бөмбөг хаядаг ч байсан дэлхий чамайг хөөдөггүй элгэндээ хайрлаад л хамгаалаад л амьдруулдаг гэдэг шиг. Дээрх эмэгтэй шиг зовлонтой явдаг хүмүүс байвал хүсээд байгаа хайраа өөрийнхөө мэдэхгүй, танихгүй, өөрчилж чадахгүй, бүр авч ч чадахгүй хэн нэг хүн, мэхлэгчээс хайхаа болио. Чиний хүссэнээр болохгүй хүний сэтгэлд уягдах чинь эцэстээ өвчин л болж байна шүү дээ. Харин тэр дутуу гучуу, хайгаад байгаа зүйлээ өөрөөсөө, өөрт чинь үргэлж байдаг зүйлсээсээ хай. Сэтгэл ингэж л эдгэдэг гэнэ билээ. Хэн ч чамайг хайрлаагүй бол өөрөө өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрлахыг мэдэхгүй бол крантнаас чинь гоожиж байгаа ус, тасарч байгаад ирсэн халуун ус, өлсөж байгаад идсэн хоол, цангаж байгаад залгилсан зүйл, санаж байгаад очсон газар, хүлээж байгаад авсан шагнал гээд байгаа зүйлсээрээ дүүргэ гэсэн.
Энэ эмэгтэйн Healing bodyg уншсанаас хойш байнга элдэв яриа, хичээлийг нь сонсоод л байгаа юм. Сэтгэлийнхээ хөндүүрлэж байгааг таниад түүнийг мартаж, баллуурдах гэлгүй эвлэрч хамтран ажилла гэх юм билээ. Бүр өвчинтэйгээ хүртэл эвлэр, түүний чамд хэлэх гэсэн санааг ч ойлго. Тэр цагаас эхэлж эдгэрэх процесс нь явагдана гэсэн.
Заримдаа хүний хүсч байгаа зүйлд бүх асуултын чинь хариулт байж магадгүй юм байна аа л гэж дүгнэсэн. Хамгийн их хүсч байгаа зүйлээ таньж мэдээрэй. Бас хайрлаарай.
Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү.
Жич: Аа бас tip авдаг хэсэг ажиллуулж эхлэх гэж байгаа. Миний бичдэг зүйл таньд тус болсон юм уу, таалагддаг бол алгаа их ташаад үргэлжлүүлэн бичсээр байгаасай гэж туйлаас хүсч байвал хаа нэг надад тип өгч болно оо. Би чинь хүн юм болохоор урамшаад бичих байх. Meduim paypal холбоно гээд холбосон. Монголоос уншиж байгаа бол 5084245493 Хаан банк данс руу шилжүүлж болно оо. Баярлалаа.