Уучлаарай
Би өнөөдөр гадаа хүүгээ салхилуулж байхдаа байрны арын цэцэрлэгт 30 минут уйллаа…
Эгч, дүү бололтой өсвөр насны 2 эрэгтэй эмэгтэй хүүхэд савлуур дээр тоглож байсан юм. Эрэгтэй дүү нь энэ их хүйтэнд их нимгэн хувцастай харагдаад санаа зовоод болдоггүй харцаа салгаж чадахгүй анхаарал хандуулах нь тэр. Их даарч байгаа бололтой хальтхан нөмгөн шахуу өмссөн том курткандаа шургачихсан, царай нь ч харагдахгүй… Хоорондоо ч юм ярилцахгүй дор бүрнээ утас үзэн чимээгүй л савлуур дээр их удаан сууна. Гэтэл эгчийнх нь найз охин бололтой нэг охин ирж охид хоорондоо ярилцаж эхлэв.
…Бид гэр бүлээрээ сууж байтал аавын утас дуугараад… Тэгсэн тэр нь Миний хайр гэсэн дугаар, тэр нь ээжийн дугаар биш. Тэгээд ээж уурлаад… Би хальтхан сонссон нь л иймэрхүү. Би хэнтэй нь амьдрахаа мэдэхгүй байна. Гэтэл найз нь хүүхэд ээжийгээ л сонгодог байх. Би байсан бол ээжтэйгээ л явах байсан байх. Чи бод л доо аав чинь тэр эмэгтэйтэйгээ хамт амьдрана гэвэл яах юм? … Энэ мэт их удаан ярьж байтал охины утас дуугарч байна.
…Бид хоёр яахаа мэдэхгүй байна. Гэтэл хэнтэйгээ явахаа одоохон шийдээдэх гээд байгаа бололтой. За, гэхдээ жаахан хугацаа өгчих л дөө. Гуйж байна. Дахиад жаахан бодоодохьё гээд уйлчихлаа. Би ч уйллаа. Намайг уйлж байгааг мэдчихвэл иччих байх гээд амьхандаа л нуув. Гэхдээ охин намайг анзаарсан уу, тийшэлье гээд гурвуулаа явсан.
Би уйлаад л үлдлээ. Чаддаг бол очоод тэвэрчихсэн… Ичиж зовоож болохгүй юм чинь гээд тэвчсэндээ гэртээ орж ирээд ч уйллаа.
Одоо ч бодоод уйлаад л…
Хүүхэд ямар буруутай гэж? Яагаад хүүхдэд ингэж хатуу ханддаг юм бэ? Хүүхэд яагаад эрхээ эдлэхгүй хэн нэгнийг сонгох хэрэгцээ үүсгэдэг юм бэ? Хамгаас хайртай ээж, аав хоёроос сонголт хийх хүртэл амьдруулмааргүй байдаг? Хүн чинь талх авах уу, будаа авах уу гэж сонголт хийдэг болохоос ээж хэрэгтэй юу, аав хэрэгтэй юу гэдэг чинь лангуун дээрх бараа биш байлтай. Хүүхэд ээж ааваа сонгож төрөөгүй шүү дээ. Зүгээр л их хайр хүсээд хүрээд ирэхэд нь ингэж хатуу хандаж, бушуу хариугаа хэлээдэх гэж хүүхдээ шахамдуулах эрх байгаа юу? Ээж аав болохоор хүүхдэд юу ч хийж болох уу?
Гэр бүл салалт манайд байдаг л зүйл шиг болж. Үүнд эмзэглэж байгаа, түүнд чиглэж анхаарал хандуулж байгаа зүйл огт байхгүй. Бараг эрэгтэй хүн нь дэлхийн эзэлсэн эзэн Чингисийн удам угсаа их хүмүүн болохоороо эхнэрээ араар тавих, гэр бүлийн үнэ цэнээ хөсөрдүүлэх бол байдаг л зүйл гэж боддог. Баригдах, баригдахгүйн л асуудал гэж хардаг бүхэл бүтэн ах нарын үе байна. Бараг тэтгэвэрт гарах нас нь дөхөж байхад ах өөр эмэгтэйд хайртай болоод 2 сайхан өсвөр насны хүүхдээ өнчрүүлж байгаа жишээнээс илхэн. Хүүхдүүд мэдээж ээжийгээ дагах шийдвэр гаргах ч охины эргэлзээд байгаа бас асуудал байна. Ээж нь ажилгүй, орлогогүй гэртээ хүүхдүүдээ хардаг эсвэл өвчтэй нэгэн байж магад. Хүүдүүдийн бат хамгаалалт үзүүлэхэд сул дорой харагдахаар. Эсвэл ээжийгээ дагаад явбал ээжийнх нь эцэг эх, хамаатайн садан хотоос хол хөдөө орон нутагт амьдардаг тул дасаж ээнэгшсэн орчин, сургууль солигдох, найзуудаасаа салах асуудал гарах байх. БАйнгын оршин суух байдлыг нь шүүх хуулийн байгууллаг шийдэх байлаа ч тэр нь шийдэгдэх хүртэл хаана хэнтэйгээ байх гэдэг нь яаралтай сонгох ёстой асуудал болчихож.
Салсан ч гэсэн үр хүүхэд, эхнэрийнхээ амьдралын баталгааг хангаж, гэр орноо тэдэндээ үлдээж амьдрах нөхцлийг нь бүрдүүлж чадахгүй байж, үр хүүхэд ээжгүйгээр бүр дараагийн бэлэн хойд эхийн дор өсөх тухай эргэцүүлэх тэнхээгүй байж “Миний хайр” аа олсон ахад үнэхээр уур хүрэв. Миний хамгийн эмзэглээд байгаа нь л энэ. За салах боллоо. Хүний сэтгэл хөдлөл гарт баригдахгүй өөрчлөгдөж байдаг юм чинь өөр хүнд сайн болж, түүнгүй амьдрахгүй болж гэхэд хүүхдүүдийн өмнөх хариуцлагаа ухамсарладаг баймаар. Хөгжингүй олон улсад ч гэр бүл салалт өндөр. Гэхдээ тэнд хүүхдийн эрх зөрчихгүйн тулд go parenting гээд бүхэл бүтэн соёл, хууль, дүрэм журам байна. Манайд хүүхдэд тэтгэмж гээд цалингийн доод хэмжээний багахан мөнгө өгөхөөр хязгаарлачихдаг хэсэг. За ийм зүйлгүй байлаа гээд эцэг хүн нь, эх нь бас хүүхдийнхээ өмнө хариуцлагатай ханддаг баймаар. Хүүхэд болохоор ядрахгүй, хүүхэд болохоор даарахгүй, хүүхэд болохоор дуу хоолойгүй, хүүхэд болохоор автобусанд зогсоогоороо явж болдог, хүүхэд болохоор загнаж болдог, хүүхэд болохоор том хүн хүссэнээ хэлж, хийлгэж, харцаараа хөдөлгөж болдог баймааргүй байна. Хүүхэд болохоор нь илүү их хайрламаар байна. Хүүхэд болохоор нь ойлгож, хүүхэд болохоор нь хүслийг нь сонсож, биелүүлэх гэж хичээж, хүүхэд болохоор нь хүндэлж, хүүхэд болохоор нь зовоохгүй, хүүхэд болохоор нь наснаас нь хэтийдсэн шийдвэр гаргуулахгүй амьдармаар байна.
Магадгүй хоёр хөөрхөн хүүхдүүдийн маань ээж аав учраа ололцоод хүүхдүүдээ бодсон шийдвэрүүд гаргасан ч байж мэднэ. Найдаад…
Би хүмүүсийн “ээждээ илүү хайртай юу?, аавдаа илүү хайртай юу?” гэдэг асуултад дургүй. Хүүхэд юм чинь ээжийгээ ээжээ хайрладаг хайраар, аавыгаа аав хайрладаг хайраар л хайрладаг байгаа шүү дээ. “Эхнэртээ илүү хайртай юу? ээждээ илүү хайртай юу?” гэдэгтэй л адил. Орчлонд сонголт хийх шаардлагагүй ядаж ганц зүйл үлдээмээр байна. Хүүхэд болохоор хүүхэд бүр жаргалтай л баймаар байна.
Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл, ёс бус харилцаа тэвчиж болшгүй зүйл байвал тийм орчинд хүүхэд өсгөхөөс илүү хол салангид өсгөх нь зөв л дөө. Ихэнх гэр бүл салалт сонголт байдаггүй. Ялангуяа ээж хүнд. Зүгээр яах ч аргагүй шахаа л байдаг. Нөхөр нь архичин болохоор, хүчирхийлдэг болохоор, гэр бүлийн орчин нь хүүхдэд сөрөг нөлөөтэй болохоор…Дээрх эгч ч бас л шахуулж хөөрхий. Хамгийн их эмзэглээд уурлаад байгаа маань нэгэн цагт гэр бүл гээд, миний хайр гэж тэмдэглээд, үр хүүхэд гарчихсан байхад тэдний аюулгүй байдал, боломж нөхцлийг хангах чадвартай байж байж давхар гэр бүл үүсгэх сэдэлтэй байх хэрэгтэй юм л даа. Хүүхдүүд нь ээжтэйгээ, эмээтэйгээ хэнтэй нь ч амьдарсан аав нь аавын үүргээ, ээж нь ээжийн үүргээ гүйцэтгэдэг баймаар байна. Ичихгүй хүүхдүүдийнхээ амьдрах байрыг шүүхээр хуваана гээд явахад бэлэн сэтгэлтэй бол бүтээхээсээ өмнө болимоор байгаа байхгүй юу.
Энэ миний хувьд ч их эмзэг сэдэв. Тийм ч болохоор нэг талыг бариад байж магад. Мэдээж хамт амьдарч байгаа хүмүүст аль алинд нь л байгаа. Гол нь л хүүхдүүд юм даа. Бас өнчрүүлэхгүй гээд хайр сэтгэлгүй, хортой харилцаанд өсгөх боломжгүй. Энэ тохиолдолд салснаас ч долоон дор хүүхдүүдийг зовооно. Ер нь тэгээд хайр нь 2, 20, 30 ямар нэг тоогоор хэмжигдэх жилийн настай бол хүүхэдтэй болохгүй л амьдрах хэрэгтэй шүү дээ, ах нар минь. Хүн ч тэр, юу ч тэр үнэнээрээ байхад л уг нь бүх зүйл сайхан болох юм байгаа юм даа.
Бүгдээрээ дуусах хугацаагүй сэтгэлтэн байгаарай.
Бас хүүхэд бүр жаргалтай л амьдраасай.