Сэтгэлээрээ өөдрөг байх нь

expert.bunny
3 min readFeb 7, 2020

--

Сэтгэл санаагаа хэрхэн өөдрөг, сайхан байлгах вэ?
Юуны түрүүнд өөрийнхөө сэтгэл санааг удирдаж өөрийгөө тольдож сурахад тус болохуйц Elizabeth Gilbert “Eat pray love” унших эсвэл киног нь үзэхийг санал болгоё. Юу хүсээд, яагаад одоо амьдарч байгаа амьдрал нь өөрийнх нь хүссэнээр биш байгааг ойлгох гэж аялалд гарч байгаа эгэл жирийн эмэгтэйн түүхийг сонирхоорой.
Хүн бүрд байтугай, улс орон үндэстэн бүрд амьдралын аз жаргалыг мэдрэх өөр өөр дуршлууд байгааг та анзаарах болно. Италичууд сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж, хоолноосоо таашаал авч, хооллох, хоол захиалах нь хүртэл урлаг мэт хөгжсөн байхад, бусад оронд өөр байж болох тухай. Гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрөөх, гэр бүлсэг байхыг чухалчлан үзэж байхад бусад оронд мөн л өөр. Маш их хөл хөдөлгөөнтэй хотуудад ажилтай, ажил нь тогтвортой байхыг чухалчлан үзэж, ажлаасаа таашаал авах аргууд түгэн дэлгэрсэн байхад олны хөлөөс зайдуу тосгодод бас л өөр байгаа. Энэ нийтлэг, хүмүүс бүгд мэдээд байгаа ч юм шиг хэрнээ мэдэхгүй байгаа юм шиг амьдралын аз жаргал гээч нь юу болох, түүнийг хэрхэн удаан хадгалж амьдрах вэ?
Би нэг сонирхолтой нийтлэл сүүлд уншсан. Тэр залуу өөрт нь аз жаргалтай санагддаг 10 зүйлийг жагсаан бичээд тэдгээртээ оноо өгчээ. Түүний энэ аргыг өөртөө туршиж үзлээ. Надад аз жаргалтай санагддаг зүйлсийг эхэлж жагсаан бичээд дараа нь тус бүрийн ард 1–10 оноо өгье.
Дуртай киногоо үзэх, ганцаараа. Жич: Би хүмүүстэй кино үзэх тийм ч дуртай төрлийн хүн биш. Хэн нэгэн бүрэн төвлөрсөн зүйлд маань саад хийхэд дургүй байдаг учраас тэр. Хэхэ. 7 оноо
Өглөөний кофе 4 оноо
Найзуудтайгаа уулзаж суух 9 оноо
Дуртай зүйлээ огт саад, тээргүй орчинд хийх. Жишээ нь: бичих, зурах, зохион бүтээх гэх мэт… 10 оноо
Ном унших 6 оноо
Хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх 9 оноо
Ээж аавдаа зочлох 10 оноо
Хоол, хоол хийх, гадуур хооллох гэх мэт 2 оноо
Урлагийн бүтээл сонирхох, эсвэл уран бүтээлчийн намтар түүх судлах 7 оноо
Гэрээ цэвэрлэх 5 оноо
Халуун хөөстэй ваннд суух 7 оноо
Дэлгүүр хэсэх, номын дэлгүүр & материалын дэлгүүр орохоор би яг байх ёстой газраа байгаа мэт сэтгэгдэл төрөөд байдаг юм. Хэхэ 7 оноо
Шинэ хүмүүстэй танилцах 3 оноо
Аялах 10 оноо
Аяллын төлөвлөгөө гаргах 8 оноо
Ажиглах, төсөөлөн бодох 10 оноо
Баллетын дасгалдаа орох 9 оноо
Шинэ зүйл сурах, бялуу хийж сурах ч юм уу, мэддэггүй зүйлээ мэдэж авах, туршиж үзэх гэх мэт 9 оноо
Өдөр тутмын тогтсон чаддаг ажлаа хийх, тоогоо бодох 1 оноо
Бясалгах 6 оноо
Ингэж өөрийгөө дүгнэн үзвэл би ихээхэн интроверт хүн бөгөөд илүү оюун санааны шинэ зүйлс бүтээх дуртай хүн болох нь харагдана. Ингээд өөрийнхөө дуртай зүйлсэд илүү анхаарал таьж ажиллаж чадвал аз жаргалтай мэдрэмж дүүрэн байх болно гэсэн үг. Энэ их үр дүнтэй арга санагдсан болохоор та нартай хуваалцаж байна.
Мөн Икигай номыг уншаарай. Энэ ном үнэндээ хэрхэн эрүүл, урт удаан амьдрах нууцын тухай юм шиг хэрнээ уг номын деталь бүрийг нарийн уншиж, хэрхэн урт удаан эрүүл жаргалтай амьдарсан хүмүүсийн түүхийг сонирхохоор тэд бүгдээрээ өөрт нь аз жаргал мэдрүүлдэг бүх зүйлсийг байнга хийж, дуртай таатай мэдрэмжүүд дүүрэн амьдарснаараа урт удаан аз жаргалтай амьдарч байгаа тухайгаа өгүүлжээ. Хүн болгонд энэ аз жаргал төрүүлэх үйлийн лист өөр өөр байх ч үүнийгээ өөртөө сануулж байх нь зөв юм шиг санагдсан болохоор та нартай хуваалцаж байна. Мөн сэтгэлээ үргэлжид сайхан байлгах гэдэгт бясалгал хийж бодлоо цэгцлэх, хөдлөх, зөв эрүүл хүнс хэрэглэх, амьсгалын дасгалууд хийх, зүгээр л чаддаг зүйлээ чин сэтгэлээсээ хийх гэх мэт тоо томшгүй зүйл нөлөөлж байсан. Миний хувьд аз жаргалтай, бүтээлч байдал маань ганцаараа байх хугацаа өөртөө хэр их гаргахаас шалтгаалдаг. Ганцаараа байх хийгээд бусадтай харилцах харилцаагаа тэнцвэртэйгээр зохицуулж байх нь миний хувьд нэг тэргүүний асуудал байдаг л даа. Хүн бас хэт их ганцаараа байхаар хэрэгтэй хэрэггүй зүйл их бодож өөрийгөө зовоох гээд байдаг тул ганцаараа байсан ч өөрийгөө аль болох завгүй байлгах нь чухал. Ер нь тэгээд чихэр идээд ч юм уу, агаар салхинд байгальд алхаад ч юм уу, нойр бүтэн аваад ч юм уу их жижигхэн зүйлсээс ч аз жаргалыг мэдэрч болох ба үүнийг өөртөө сануулж анзаарч байх нь бас их чухал болохоор хаа сайгүй таларх, талархлаа илэрхийл, талархдаг зүйлээ бич гээд л зөвлөгөөнүүд хөвөрдөг байх. Амьдрал уг нь оюун ухаант хүнд хэтэрхий хялбархан тоглоом боловч хүмүүс өөрсдөө улам л төвөгтэй гарч чаддаггүй төөрдөг байшин болгоод байдаг шүү. Энгийн хялбар арга зам хайж инээмээр байвал инээгээд л, гунигламаар бол гуниглаад л олон долоон юм бодохгүй дуртай зүйлээ хийж, хүмүүсийг илүү их хайрлаж, хүмүүст илүү их талархах чинь л аз жаргал шүү дээ, ердөөсөө.
CHEERS and MERRY CHRISTMAS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet