НҮДНИЙ ЛИНЗ ЗҮҮХДЭЭ:

expert.bunny
5 min readFeb 7, 2020

--

Сайн уу,
Агаа бид 3 жоохон байхдаа уйдхаараа гэрийнхээ тагтан дээрээс хэдэн км хол байгаа байрнуудын дээр нисч байгаа шувууг тоолж бие биеэ шалгадаг байлаа. Тийм уйтгартай, тэ? Тоглоом байхгүй л үе шүү дээ. Хэхэ
Гэхдээ энэ хараанд ямар сайн нөлөө үзүүлснийг одоо бид гурвын хэн нь ч харааны асуудалгүй байгаагаас харж болно. Мөн бид нарт чихэр жимс олддоггүй байсан болохоор лууванг түүхийгээр нь их иднэ ээ. Арай чихэрлэг ногоо байсан юм уу хаашаа ийн. Санамсаргүйгээр л харааны асуудалгүй өсчихсөн болохоор би энэ зөвлөгөөг 13 жил линз зүүж байгаа, бараг өөрөө линз зохиосон юм шиг л сайн судалсан найзаасаа асууж зөвлөгөө болгон оруулж байна аа.
Линз зүүхээр дараа нь хараагаа тэглүүлэх гэхээр лазер эмчилгээнд орж болдоггүй гэж сонссон бол:
Түүний нэг танил ах 29 жил нэг төрлийн линзээ зүүж байгаад энэ жил лазерт орсон байна.
Тэгвэл лазерт ч ормоор, линз ч зүүмээр бол яах вэ?
-Нэгэнт ийм зорилготой байгаа бол нүдний харааны нарийн шинжилгээг бүрэн өгч заавал эмчийн зөвлөгөө авах. Монголд дэлгэрэнгүй нарийн нүдний шинжилгээ өгдөг томоохон эмнэлэг бол Болор мэлмий гэнэ. Тэнд бүх төрлийн нарийн шинжилгээг өгч эмчийн заавраар линз зүүх сонголтоо хийхийг зөвлөсөн. Учир нь хүн бүрийн нүдний чийглэгийн хэмжээ, бүрхүүл зэргийнх нь бүтэц найрлага өөр байдаг ба линз зүүж болохоор хэмжээний бүрхүүлтэй эсэх гэх мэт нарийн зүйлсийг мэргэжлийн эмнэлэг л зөвлөдөг байна. Зарим хүмүүс бүр маш хуурай, төрөлхийн бүрхүүлгүй ч нүдтэй хүн байдаг ба эдгээр хүмүүс линз зүүх хориотой байдаг гэнэ. Үүнийг мэргэжлийн эмчээс заавал зөвлөгөө авч үзүүлэх шаардлагатай.
- Эмч тань линз зүүж болно оо гэсэн бол линз зүүх хугацаа, арчилгааг тань тоймлон хэлж өгөх ба түүний дагуу нарийн арчилж зүүж байх ёстой.
Линзээ хэрхэн сонгох вэ?
-Линз гэдэг нь нэгэнт хүний биед орж байгаа гадны биет учир зайлшгүй гарал үүслийн гэрчилгээтэй, чанартай, олон жил туршигдсан баталгаат эх үүсвэрийн брэнд бүтээгдэхүүн байх шаардлагатай.
-Манай найз бол Хятад улсын олон жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, маш их судалгаа туршилт хийж үйлдвэрлэгдэж байгаа линзийг санал болгосон. Зургийг хавсралтаас үзнэ үү. Үүнийг Монголд Их дэлгүүрт л зардаг гэсэн. Эдний линз дэлхийд баталгаатай чанарын гэрчилгээтэйн дээр, интернэтээс нэр усаар нь хайхад дэлгэрэнгүй мэдээлэл нь олдохоор ихээхэн том хэмжээний үйлдвэрлэгч гэнэ. Эдний линзүүдийг маш сайн ажиглавал линзэн дээрээ хүний нүдэнд үл үзэгдэхээр маш жижигхэн тамгалсан үзсэн тэмдэглэгээтэй байдаг байна.
-Линзний сонголтын хамгийн чухал нь линзний зузааны асуудал. Линз зузаан байх тусмаа муу буюу нүдэнд торж таагүй мэдрэмж төрүүлэх ба нимгэн байх тусмаа гадны биет байгаа нь мэдэгдэхгүй, чийгийн хомсдолд оруулахгүй. Гэхдээ хэт нимгэн линз нь мэдрэгдэхгүй байгаагаас болж линзээ тайлсан үгүйгээ мартан линзтэйгээ унтвал, хүн унтаж байхдаа нүдээ бүтэн 360 градус эргэлдүүлдэгээс болоод алга болчихдог байна. Тиймээс ямар ч сайн ид шидийн линз байсан заавал нүднээсээ авч унтаж байхыг дахин дахин сануулсан шүү.
-Брэнд сонголтоос гадна линзүүд нь хэрэглэх заасан хугацаатай байдаг ба манай найзын санал болгож байгаа дээрх брэндийн харааны линз ихэвчлэн 6 сарын хугацаатай гэж зарагддаг байна. Энэ хугацааг хатуу баримталж зүүх хэрэгтэй. Хэдий линз чинь эвдрэл гэмтэлгүй байсан ч хамаагүй заавал хэрэглэх хугацаанд хэрэглээд сольж байгаарай.
-Нэг удаагийн, гоёлын гэх мэт линзийг нэг удаадаа л хэрэглээд хаях нь зөв. Энэ линз угаас олон удаагийн хэрэглээний зүйл биш тул нүдэнд чинь муугаар нөлөөлнө. Өнгийн линзийг удаан зүүвэл хүүхэн харааны өнгөнд ч өөрчлөлт оруулдаг байна.
Ердийн удаан зүүх зориулалттай линзүүд ч өдөрт 8 цаг зүүх зориулалттай байдаг ба орой унтахын өмнө заавал авч байх хэрэгтэй. Хонуулсан ч болох линз гэдэг бол худлаа маркетинг! Ийм зүйл байх боломжгүй гэнэ. Гүй ээ бүр ямар ч тэнэг ухаанаар бодсон биед байх ёсгүй зүйлийг байлгаад байх ямар л олиг байх вэ дээ?
Иймээс унтахдаа тайлж авсан эсэхээ мартахгүйн тулд аль болох нэг төрлийн, нэг брэндийн, ганцхан линзээ арчилж зүүх нь мартамхай хүмүүсийг олон эрсдлээс хамгаална. Ялангуяа тэр нүд унтаж байхад тойрохдоо ар тархин хэсэгт наалддаг бол арай аймаар уу?
-Тайлсан линзээ зориулалтын саванд нь зориулалтын усанд нь хийж хонуулах ба линзнийхээ савыг ч мөн тогтмол усаар угааж цэвэрлэж байх ёстой гэсэн. Линзний усны гол найрлага нь хүний нулимстай төстэй бүтэцтэй арай давслаг ус байдаг байна. Хүний л бие рүү орох гэж байгаа болохоор хүнийхтэй л төстэй байх нь гол шалгуур. Арай их давслаг ус хэрэглэхээр нүд илүү аргах, хуурайших шинж тэмдгүүд ажиглагдана.
-Мөн линз зүүж байхдаа тогтмол эмчийн зөвлөсөн дусал хэмжээгээр хиймэл нулимс хэрэглэж нүдээ чийгшүүлж байх хэрэгтэй.
-Линзээ усанд нь угаах, гараараа зөөлөн массажлан угаах гэх мэт цэвэрлэх аргууд байдаг ба өөрсдөө дэлгэрүүлэн судлаарай. Хэрэв гараараа линзээ авч зүүдэг бол гар чинь дээд зэргээр цэвэр байх ёстой гэсэн шүү.
-Мөн бас нэг чухал зүйл бол улирал, гэрлийн нөлөө. Та нар мэдэх л байх шил удаан зүүсэн хүмүүсийн заримынх нь нүд ширгээд жижгэрчихсэн, зарим нь бүлтэрчихсэн байдаг даа. Энэ чинь хүн өөрийнхөө харааны хэлбэрээр гэрлийг мэдрэхгүй шилээр дамжуулж хугалж авсаар байгаад нүдэнд гарч байгаа өөрчлөлт юм байна. Тиймээс линз ч тэр, шил ч тэр зүүдэг хүмүүс өвөл, зун хурц гэрэлд заавал гадуур нь бууралттай нарны шил зүүж хэвших хэрэгтэй. Ингэхгүй бол гэрлийн хугарлын цочролоос болж нүдний даралт өөрчлөгдөж дээрх бүлтрэх, ширгэх процесс явагдана.
Монголд сайн линз олох хэцүү байдаг ба та нар манай найзын зөвлөсөн линзийг туршаад үзнэ биз. Мөн Солонгос линзнүүд их байдаг ч эдгээр нь арай зузаанаас гадна Солонгос улсдаа энэ чиглэлийн бизнес маш их хөгжсөн тул яг гарал үүсэл нь тодорхой, баталгаат үйлдвэр эсэх нь эргэлзээтэй байдаг гэсэн шүү. Мөн хэт нимгэн линз бол арчилгаа маш ихтэй гэсэн. Тэгэхээр эмчдээ үзүүлээд өөрт таарсан зөв линзээ зориулалтын арчилгааных нь дагуу зүүж хэрэглэхийг санал болгоё доо. Ингээд зөв зүйтэй арчлаад явбал лазер эмчилгээнд орж болдог л гэж байна.
Би бол нэг удаагийн линзийг ч зүүж үзээгүй хүүн. Яагаад ч юм нүд л хамгийн их хайрламаар эрхтэн шиг санагддаг учраас би нүд амаараа оролдох туйлын дургүй. Харин дээрх зөвлөгөөг яг өөрөө зүүгээд олон жил болж байгаа хүндэт найз маань өгсөн байгаа. Би гэхдээ түүний линзний талаарх зөвлөгөөг нь аваад биширсээн. Хүн ямар ч юманд ингэж судалгаатай, нарийн шинжилж ханддаг болох хэрэгтэй. Би бүр “Пээш чи минь бараг линзийг зохиосон юм биш үү дээ” л гэж уулга алдаж суулаа. Та нарт энэ мэдээлэл хэрэг болох болтугай.
CHEERS

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)