НЭГ АЛХАМ буюу “КАЙЗЕН”
Би анх “кайзен” арга гээд байгааг Японы л бодож олсон үйлдвэрлэл, үйлчилгээгээ сайжруулахын тухай онол юм байх гэсэн бодолтой байтал энэ өөрчлөлтийн ухаан анх Америкаас үүдэлтэй юм байна. Сонирхолтой байгаа биз?
Номыг унших болсон шалтгаан:
Манай ажил жижигхэн номын сан байгуулаад share-лэж ном уншицгаах болсон ба энэ номын сангаас хамгийн эхэнд сонгон авч уншсан ном маань энэ байлаа. Угаас Япон уг хэллэг, соёл ихэд анхаарал татдаг тул энэхүү кайзен гээчийн учрыг олчихмоор санагдах нь тэр ээ.
Номын агуулга:
Энэ номыг уншихаас өмнө би кайзен гэдэг үгийг сонсож байсан л даа. Миний ойлголтоор бол энэ нь том өөрчлөлт хийхэд их цаг, хүч, нөөц шаардлагатай тул бага багаар хүч нөөц шаардахгүй жижиг алхмууд хийж хүссэндээ хүрэх тухай байлаа. Гэхдээ энэ бол их өнгөц ойлголт байсныг номыг барьж суусан оройдоо 80 хувийг нь уншсан явдал байлаа. Ерөнхий санаа нь жижиг алхамд төвлөрөх тухай боловч, энэ аргын тусламжтайгаар зөв асуулт тавьж, эерэг хандлагад төвлөрч, өөрийнхөө бодож төсөөлж ч байгаагүй зүйлсийн тухай, өөрчлөлтүүдийг хийж болох тухай сэдэл санааг ч олох боломжтойг тайлбарласан байна. Номын зохиогч Роберт Маурер нь сэтгэл зүйч мэргэжилтэй тул хүний сэтгэл зүйн шинж чанартай холбогдуулан нарийн ул суурьтай тайлбарууд, жишээнүүдтэй.
Номын хэсгээс:
Тархи асуултад дуртай. Маргааш ажил дээрээ очоод найзаасаа “Ямар өнгөтэй машины хажууд машинаа байрлуулсан”-ыг нь асуу. Тэр чам руу гайхаж шоолонгуй хараад “Мэдэх юм алга” гэж хариулах байх. Дараагийн өдөр мөн л асуултаа даван асуу. Тэр мөн л анзаараагүйгээ хэлнэ. Энэ явдал 4,5 өдөр давтагдсаны дараа таны найз “нөгөөх чинь өнөө асуултаа асуух байх” гээд машинаа тавьсан машиныхаа өнгийг өнзөөрдөг болж эхэлнэ…
Тиймээс нэг асуултыг дахин дахин асууснаар тархи үүнд анхаарлаа хандуулж, хариулт өгөхөөс өөр сонголтгүй болно гэсэн үг.Жижиг асуултууд хариулт дагуулснаар өөр олон жижиг асуултууд урган гарч ирж, тархи хариу үйлдэл үзүүлэх болно.
Гэхдээ асуух асуултууд жижиг мөртлөө эерэг утгатай байх хэрэгтэй. Би таргалалттайгаа хэрхэн тэмцэх вэ? гэхийн оронд “Би эрүүл гоолиг болохын тулд ямар жижиг алхам хийх вэ? гэж асуух ч юм уу. Номноос дэлгэрэнгүйг уншина уу.
Хэнд санал болгох:
Хүн бүр нэг гүйлгээд харчихад гэмгүй санагдсан. Тархи асуултад үнэхээр дуртай. Харин сэтгэл зүйн талаар сонирхон судалдаг хүмүүст бүр ч ойрхон байх болов уу.
Дүгнэх оноо:
Би хувьдаа 6 оноо өгнө.