Номыг яаж хашраах вэ?
Номыг яаж хашраадаг болох вэ? гэхээр
Ёстой мэдэхгүй байна, уучлаарай. Би өөрөө дуртайяа уншдаг болохоор зөвлөхөөр нэг их худлаа мэдэмхийрсэн болчих гээд ч байгаа юм шиг…
Надад Опрагийн ном унших учиргүй дуртай жаахан охин одоогийн амжилтын гараагаа ном уншиж эхлүүлж байсан түүх их таалагддаг. Яг л зайрмагны цехийн амталгааны шалгагч гэдэг ажил шиг сонсогдсон болохоор.
Гэхдээ би бодлоо л доо, хэзээ анх номонд тэгтлээ дуртай болчихсон юм бол? гээд. Намайг жаахан байхад манай том өрөөний нэг хана нь шалнаас тааз хүртлээ дүүрэн номын сан байдаг байлаа. Яг үнэнийг хэлэхэд би тэднийг ном гэж мэдээгүй. Тавилга л юм байх гэж бодож өссөн. Харин анх 5, 6-р ангидаа л тэндээс сугалвал ном гарч ирдэгийг мэдэж билээ. Хэхэ. Жорж Семенон-ны роман байсан санагдаж байна. Хүн амины хэрэг мөрдсөн их л адал явдалтай кино шиг роман байсан тул их л тууштай уншаад дуусгачихсан. Гэхдээ л бас дур хүслээрээ дараагийн романаа барьж аваагүй ээ. Нэлээн удаж байж Удвал гуайн “Их хувь заяа” руу орлоо. Яг үнэндээ, тэр роман надад томдсон ч юм уу туйлын уйтгартай хэцүү уншигдаж байсан болохоор хүүхдийн адал явдалт зохиолууд, Морь унасан толгойгүй хүн, Монте Кристогоороо байхаар шийдсэн.
Түүний дараа физикд учиргүй дуртай болж олимдиадын бэлтгэл гээд завгүй хүн, юун ном манатай. Тэгтэл 8-р ангид билүү дээ намайг харж явдаг дээд ангийн ах Stephen Hawking “Хар нүхний талаарх хураангуй ойлголт” нэртэй монгол хэл дээрх жижигхэн хураангуй дэвтэр бэлэглэсэн юм.
Би амьдралдаа анх удаа тэгж их баярлаж үзсэн байх. Энэ номыг бэлэгний уутнаас гарч ирнэ ч гэж санаагүй. Энэ номыг барьж уншсан өдрөөс эхлээд миний нүд чих нээгдэж хорвоог хардаг байсан жижигхэн цонх маань онгойгоод л явчих шиг санагдсан.
Нээрээ тэр ах одоо хаана юу хийж явдаг бол? Баярласнаа гүйцэд илэрхийлсэн эсэхээ ч сайн санадаггүй ээ.
Энэ мөчөөс эхлээд би гэдэг хүн 10 жилээ төгстөл Нацагдоржийн номын сангийн физикийн номнуудын жагсаалт ширтэж тавилна болов оо, 3 жил.
Гэхдээ л уран зохиолын ном уншдаггүй л байсаар. Тэгж яваад их сургууль төгссөн жилээ билүү дараа жил нь билүү Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”-г гаднах хавтасны зургаас нь болж худалдан аваад унштал…
Бас л дээрх шиг яг миний уншихыг хүссэн ертөнц. Түүний үг бүр алт шиг л урсаж байна аа. Амьдралдаа анх удаа дуусгахад хэтэрхий хайран санагдаад өгүүлбэр мөр бүрээр нь дахин давтан уншсаар 2–3 сар уншсан ганц ном минь байлаа. Ингээд л би гэдэг хүн номтой үй зайгүй нөхөрлөх алхмаа хийсэн юм даа.
Завсар зай, цаг л гарвал ном л уншмаар санагддаг болчихсон байсан. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ? Хүнээ алдана, хүнээс сална, нийлнэ, уруудна, босно, гунихрана… Одоо бодоход амьдралынхаа хүнд хэцүү цаг үеийг би ном уншиж, түүнээс суралцаж л давж гарч байсан юм шиг санагдаж байна. Амьдралд минь дээр дурдагдсан highlight номнуудаас гадна зөндөө ном тус болж байсаан. Та нарт ч тэгсэн байх.
Гэхдээ ингэж дурлаж татагдах хүртэл нэг тийм сэтгэл догдлуулсан “Яг үүнийг л би хайгаад байсан юм” гэдэг мөч байх хэрэгтэй юм шиг. Бүх л зүйлд… Гэр бүл болох гэж байгаа бол, том шийдвэр гаргах гэж байгаа бол. Яг л миний номонд татагдахад нөлөөлсөн тэр хүчтэй сэтгэл догдлол заавал байх ёстой юм шиг. Тэр бүхэн давхцаж байж үүрдийн сэтгэлтэй болдог юм шиг…
June