НААДАМ

expert.bunny
1 min readDec 13, 2019

--

Ромашка хүүхэд насыг минь санагдуулаад байдаг юм. Хүүхэд шиг цэцэг.

Цэнхэр 5 давхрын тагт бүр дээр хонь эсвэл ямаа уяатай. Ямааны муухай орилохыг яана.

Орой ажил тарахын хавьцаа тагтан дээрх өдөржин орилсон хонь ямаанууд цөөрч айлууд галладаг тогоогоо тагтан дээр тавих нь тагтан дээр галлаж, гал зуухны өрөөндөө галлах нь галлаж гэдэс чанах ажлууд эхэлнэ дээ. Оройны 9 цагаас шөнийн 12 өнгөртөл 1, 2 литрийн битонд хийсэн гэдэсний шөлний тойруулгууд үргэлжилнэ. Хонь, ямаа гаргасан айл бүр заавал хувь тараах ба оройд гэрийнхээ хувийг айлуудад тараах, айлуудын хувь тарааж ирсэн савыг угааж буцаан хүргэх гэдэг ажилд дарагддагсан.

Яг л наадам гэдэг хуушуур биш, шинээр хонь ямаа гаргадаг баяр шиг байдаг байж билээ.

Тэр үед хөдөө суманд одоогийнх шиг баяр наадам гэж сүртэй ганган юм ч болдоггүй байсан юм уу, хаа нэг сонгуультай жилүүдэд наадмын өдрийн шөнө талбай дээр шоу болж салют буудуулна.

Бүх аавууд нэгнийдээ нийлж сууж бөх үзээд таавар дэвшүүлнэ. Бусад нь зуны халуун өдрөөр тагтан дээрээ гэдэс чанаж, хөлс баасаа цувуулна.

Надад хамгийн их таалагддаг нь наадмын маргааш үлдэгдэл гэдэс галд шарж идэх юм уу, ээжийн хийсэн гэдсэн хуушуур байж билээ. Хорвоогийн хамгийн гоё хоол шүү. Ээжийн гарын хоол.

Зуны налгар өдрүүд болохоор эмээ өдөржин гадаа бусад айлын настнуудтай сууж нарлангаа хүүхдүүд биднийг хүүшилнэ.

Хөршөөрөө амьдардаг байхад баяр хүртэл утга учиртай байсан ч юм шиг…

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet