Мишка, Мишка, Мишка
Цэнхэр 5 давхрын тагтан дээр зогсож байгаа 2 жаахан охин тагтны хашлага модон завсар хамраа цухуйлгаад “Мишка, Мишка…” гэж хөгжилтэй цовоо цолгиун дуугаар хөхрөлдөн дуудна. Мишка гэж хэн юм бол оо?
Тэд тагтан дээрээ зогсож байх болгондоо л амандаа “Мишка” гэж шулганалдан заримдаа хамаг чадлаараа “Мишка” гэж хашгирна. Энэ Мишка нь юу юм бол оо?
Тэднийг ингэж орилоход хэн ч саад хийж дургүйлхэхгүй ба тэдний цовоо цолгиун дуудахыг нь хүн бүр өхөөрдөнгүй харж хаа нэг “Одоо болно оо” гэх нь дуулдана. Энэ Мишка нь чихэр юм болов уу?
Гэтэл жаахан охидын дуудаад байдаг Мишка нь доод давхрынх нь урт тагттай айлын сэгсийсэн үстэй, хар өнгөтэй, жижигхэн хав ажээ. Тэднийг мэдээ орохын л доод давхрынх нь бүхэн нь харагддаг дээвэргүй урт тагтан дээр үсэрч харайж, жирэлзэн гүйж үзэгддэг байсан хар хав байж. Тэд бараг хамт өссөн ч гэж болно. Нэг дор амьдрахгүй байгаа юм шиг хэрнээ нэг дор өсөөд байгаа ч юм шиг харилцаатай гурав. Тэд заримдаа тагтан дээр, заримдаа орцондоо, заримдаа гадаа тоглож байхдаа л тааралддаг ч эчнээ бие биенээ мэдэхийн дээдээр мэддэг болжээ. Мишка ч энэ хоёр хөөрхөн охидын цовоо цолгиун дуунд дуртай. Тэдний ход ход хөхрөлдөн нэрийг нь дуудах бүрийд харж тоглох гэж байгаа юм шиг сүүлээ өргөн газар доороо эргэлдэнэ.
Хожмоо 2 жаалхан охид том болж, сургуульд орсон ч тэд тагтан дээрээ уулзалдахаараа “Мишка” гаа дууддаг хэвээрээ. Тэднийг 5,6 р ангид орохын алдад Мишка өтөл насыг хүрчээ. Нохой ч өтлөхөөрөө зөнөдөг бололтой. Эзэн рүүгээ дайрсан хэргээр эрхэм Мишка гэрээсээ хөөгдөөд гэртээ орох эрхгүй болсон ч орцны хаалганы үүдэнд л хэвтэж өнжинө. Тэр үхэн үхтлээ гэрийнхээ үүднээс холдоогүй. “Хүн амьтан дасна гэдэг ийм гачлантай шүү” гэж үглэнгээ эзэн ах хаа нэг тавагтай хоол гаргаж өгөнгөө илж харагддагсан. Эвий дассан хоёр. Бид ч орцонд тааралдахаараа “Мишка” гэж дуудаад хөлөөрөө илдэг хэвээрээ. Хөөрхий Мишка аргагүй өтөлжээ. Нэрийг нь дуудах тоолонд сэгсгэс гээд хардагаа ч больж. Толгойгоо арай гэж өргөөд нүдээрээ зөөлхөн хайгаад хардаг болж. Биднийг заримдаа таньж байгаа эсэхэд нь ч эргэлзэх шиг. Гэхдээ тэр бидний үнэрийг мартахгүй нь лавтай. Эзэн рүүгээ дайрсан хэргээр хөөгдөж гэр оронгүй болсон ч бидэн рүү хэзээ ч “Ямар дуудаж ханадаггүй юм бэ?” гээд архирсан удаагүй.
Энэ бол хөршийн холбоо.
Одоо хайгаад ч олдохгүй дурсамж болон үлджээ. Яг хамт амьдрахгүй байгаа юм шиг мөртлөө хамтдаа амьдардаг дотно холбоо. Нэг тогооноос хоол идэж бие биенийхээ жаргал зовлонг бүгдийг хуваалцахгүй ч бие биенээ дотночлон хүндэтгэж, хуваалцдаг холбоо. Мишкатай хамт өссөн ч нэг л мэдэхэд Мишка үүдэндээ байхаа больчихсон байсан. Түүний хэвтдэг үүдэн дээрх дэвсгэр хоосорчихсон байсан. Эзнийх нь Мишкагаа алдсан уй гашууг хамт хуваалцаагүй ч манай орцны айл бүр хайртай тэжээвэр хархан үстэй хаваа алдсан юм даа.