Малала
Би эмнэлгийн үзлэгийн очер хүлээж байх зуураа хамт ажилладаг охиныхоо уншиж байсан “Малала ” номыг нь гуйж уншсан юм. Өдөржин очерлож эмнэлэгт үзүүлж байхдаа энэ номыг уншаад дуусгачихсан гэвэл та итгэх үү?
Дуусгачихсан. Их энгийн хэлбэрээр бичигдсэн хөөрхөн ном байна билээ. Зүгээр хэцүү цаг үед төрсөн ч гэлээ түүний эсрэг хүчтэй тэмцэж, сөрж, маш их сурах хүслээрээ дэлхийд гарсан түүний түүх таныг ч хатгаад авах шиг болох байх.
Би бас жаахан охин байхдаа том өрөөний бүтэн хана дүүрэн номыг уншиж зугаацдаг ч гэсэн, Оросын багачуудын физик гэх номон дээрх туршилтуудыг хийж байхдаа бусад орны хүүхдүүд аль багадаа үүнийг хийчихсэн гэж бодохоор би яг хаана байгаа бол? гэж асуудаг сан. Мэдээж намайг Цэцэг, Дулам гэх багшийн тавьсан дүн тодорхойлохгүй. Хэдийн хичээлдээ сайн байлаа гээд би хотын хүүхдүүдийн яг хаах нь яваа бол?, орос хүүхдүүд надаас юугаараа илүү бол? гэж өөрийгөө сурч эрмэлзэх хүслээр өдөөдөг байсныг минь санагдуулсан ном байсан.
Малала Пакистаны дайн дажин, бослого хөдөлгөөн ихтэй улсад эмэгтэй хүүхэд болж төрсөн нь түүний сурах, ажиллах эрхийг хориод байгаатай эвлэрч огт чадаагүй хэрсүү охин. Түүний аав багш байсан нь түүнд бас хамт амьдарч байгаа Пакистан хүүхдүүдээс арай дээр сэтгэж, бодож, эсэргүүцэх тэнхээ өгч байсан болов уу гэж надад хамгийн түрүүнд бодогдсон. Сайн аав ээжийн, сайхан хүмүүжлийн үр жимс хэзээд сайхан ирээдүйг бүтээдэг.
Малала:
Эндхийн сургуулийн систем Пакистаны сургуулиудаас нэлээд өөр. Пакистанд байхад намайг “онц сурагч” гэж үнэлдэг байсан. Тиймээс ч би хэзээд хамгийн ухаантай нь байж, хичээсэн хичээгээгүй хамаагүй нэгд байх болно гэдэгтээ итгэлтэй байдаг байсан билээ. Харин Их Британид багш нар сурагчдаасаа илүү ихийг хүлээж байдаг. Пакистанд бид урт хариулт өгөхийг сайн гэж үздэг байсан бөгөөд хүссэн бүхнээ бичиж болно. Заримдаа шалгалт авсан багш нар энэ бүхнийг уншихаас төвөгшөөж орхидог ч өндөр оноо өгөх тохиолдол гардаг. Харин Их Британид асуулт нь хариултаасаа урт байх нь олонтаа. Зүгээр л хичээлдээ ирэх нь өөрөө томоохон сорилт байдаг тул Пакистанд үнэлгээний шалгуур доогуур байдаг байх. Бидэнд шинжлэх ухааны сайн лаборатори, компьютер эсвэл номын сан байсангүй. Бидэнд байсан зүйлс гэвэл самбарын өмнө зогсох багш, сурагч, мөн сурах бичиг юм.
Нутагтаа байхад намайг найм, есөн ном уншихад л ном их уншдаг охин гэж хэлдэг байсан ч энд ирээд хэдэн зуун ном уншсан охинтой танилцаад өөрийгөө юу ч биш юм байна гэдгээ ухаарсан. Тиймээс би энэ олон номыг бүгдийг нь унших зорилго тавиад байгаа билээ. Би бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан бөгөөд энэ нь олон тооны шалгалт шүүлэг өгсөн гэсэн үг. Над шиг үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэ шалгалтууд ихээхэн чухалд тооцогддог. Шалгалтаа амжилттай өгсөн гэдгээ дуулсан тэр өдөр миний амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байсан билээ. Би ерөнхий боловсролын гэрчилгээгээ авна гэдэгтээ итгэлтэй байгаа (дахин олон шалгалт өгнө) бөгөөд сургуулиа төгсмөгцөө их сургуульд улс төр, гүн ухааны чиглэлээр суралцах болно.
Би одоо ч гэсэн Сват руугаа буцаж, найз нөхөд, багш нартайгаа уулзаж, сургуульдаа болон гэртээ очно хэмээн итгэж найдсаар байна. Цаг хугацаа шаардагдах нь тодорхой ч миний энэ хүсэл хэзээ нэгэн өдөр биелнэ гэдэгт би бат итгэдэг. Эх орондоо буцаж очоод нөлөө бүхий улс төрч болж ард олондоо үйлчлэх нь миний мөрөөдөл билээ. Харамсалтай нь Сват дахь Талибаны тэргүүн байх үедээ намайг буудах тушаал өгсөн Маулана Фазлулла Пакистан дахь Талибуудыг толгойлох болсон юм. Энэ бүхэн намайг буцахад улам эрсдэлтэй болгож байгаа ч би боловсрол эзэмшиж, түүхийг илүү гүнзгийрүүлэн судалж, олон сонирхолтой хүмүүстэй уулзаж тэдний санаа бодлыг сонсож, харанхуй бүдүүлэг байдал болон терроризмын эсрэг зогсох болно.
Юм хөгжөөд цаг сайхан болж, дэлхий хавтгайрсан болохоор хүүхдүүд бусад орны өөрийнх нь насны адилхан гар, хөлтэй, нүдтэй хүүхдүүд юу хийж бүтээж, юу уншиж, юунд санаа зовж байгааг анзаараасай гэж би их хүсдэг болсон. Саяхан нэг Солонгос их сургуулийн оюутнуудын бүтээлч ажлын үзэсгэлэнгийн нээлтээр зочилсон нэвтрүүлэг үзэж байтал тэд сард нэг удаа ийм бүтээлч ажил хийх ба үүгээрээ хэлэхийг хүссэн, хүмүүсийн анхаарлыг татахыг хүссэн сэдвээрээ өөрсдийн эзэмшиж байгаа мэргэжлийнхээ хүрээнд нэгэн бүтээлч ажил хийж хүмүүст танилцуулдаг байх юм. Урлагын ангийхан инсталляци хийж, инженерийн ангийнхан төрөл бүрийн төхөөрөмж бүтээж, нийгмийн ангийнхан олныг хамарсан хөгжөөнт тоглоом, дуу бүжиг наадна. Тэдний сэдэв “Пластик хэрэглээг бууруулах” байлаа. Байгальд удаан шингэцтэй энэ бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тухай тэд санаа үнэхээр зовж байна.
Тэгээд би бодлоо, манай оюутнууд юу бодож яваа бол?
Сургалтын төлбөр, хоол байр унааны мөнгө, гэртээ ирж очих зардал л бодож явдаг байх даа? гээд…
Хэдий хүний анхдагч хэрэгцээ хангагдаагүй байхад илүү дээрийг бодож чадахгүй ч тэдний “энд” хүрэхийн тулд илүү их хичээж, илүү их уншиж, илүү их цагийг номын санд өнгөрөөж, илүү их ажиллах хэрэгтэй. Заавал өрсөлд гэж байгаа биш ч гэсэн, одоо байгаа энэ хүрээлэл, энэ авилгалд идэгдсэн оронд амьдарч байгаадаа хүлэгдэлгүй Малала охин шиг хүчирхийлэл дүүрэн нийгэмд ч “өөрийнхөө илүү сайн хувилбар” байхын төлөө зүтгэх л хэрэгтэй юм шиг.
Зовлонгүй, мөнгөнд санаа зовохгүй амьдардаг хүн хаана ч байхгүй. Дэлхийн тэрбумтан Kylie Jenner — т ч асуудал байгаа. Хүн бүхэнд асуудал бий. Заримынхтай нь харьцуулахад минийх бага, заримынхаас нь том л байх. Тэр гэхдээ давшгүй хүчин зүйл бишийг үүрд санах хэрэгтэй юм шиг ээ.
Би хэлдэг дээ, би таг Монголдоо, бүр хөдөөний сумын сургуулийн боловсрол эзэмшсэн, олигтой төгс хэлний боловсрол байхгүй ч чадахаараа уншиж, үзэж судалсаар байдаг. Одоо би оффис дүүрэн дэлхийн өнцөг булан бүрт сурч ирсэн хүүхдүүдтэй ажилладаг. Гэтэл манай найзууд дунд Монголын хамгийн өндөр төлбөртэй сургуулийг төгсчихөөд, гадаадад их дээд сургууль төгсөж ирчихээд гудманд лааз өшиглөөд явж байгаа хүүхдүүд ч бий.
“Малала” номыг би өөрөө зорьж авч уншихгүй байсан ч огт санамсаргүйгээр барьж суугаад 3-4 цагт уншаад дуусгачихсан. Энэ ном таны бүтээх боломжтой ирээдүй рүү чинь түлхээд өгөх шиг болно гэдгийг амлаад санал болгоё.
Мэдээж Нобелийн энх тайвны шагналыг зүгээр нэг саад бэрхшээлд буугаад өгчихдөг, багшийн заах хичээлийг дуртай дургүй сурдаг, эцэг эхийнхээ төлөө амьсгалдаг, хамгийн дээд оргил нь хүүхэд бүтээх гэж ойлгодог хагас малд өгөхгүй нь ойлгомжтой. Тэр хар нялхдаа юу үзэж туулаад, ямар мессеж өгсөн болохоор гээд уншаад үзэх хэрэгтэй. ХэХэ