КАЙЗЕН ШҮҮ ДЭЭ

expert.bunny
4 min readNov 26, 2023

--

Би барилгын салбарт ажилладаг болохоор Улаанбаатар ийм зохион байгуулалтгүй, хөл толгойгүй эмх цэгцгүй сонин хот төлөвлөлттэй байгаад сэтгэл дундуур явдаг хүн л дээ. Хот байхын, хотын консепцигүй. За баталж гаргасан консепци байлаа гэхэд мөрддөггүй, мөрдүүлдэггүй. Гэхдээ бас консепци нь ч учир дутагдалтай. Юуг төвөө болгож, аль зам чиглэлээ барьж, аль газрыг юуны зориулалтаар, хэнд зориулсан байх, хүчин чадал нь юу байх гээд л… Гэхдээ ямар их учир дутагдалтай байлаа ч мөрдүүлж чаддагсан бол ядаж хүчин чадлаасаа хэтрэхгүй байх боломжтойгоор л төлөвлөсөн байгаа. Хязгаарлагдмал ус, дулаан, эрчим хүчний нөөцдөө тулгуурлаж төлөвлөдөг болохоор. За одоо нэгэнт байдал биш болсон, алдагдсан гэхэд ядаж Улаанбаатарын брилгуудад нэг оноосон өнгө, код заачихаж болдоггүй юм байх даа гэж их гайхдаг. Орон сууц бол тийм, цэцэрлэг бол тийм, сургууль бол тийм гээд өнгөний кодтой, ямар ч барилгын компани барьсан тэр кодоороо л хүлээлгэн өгдөг байсан бол ядаж нүдэнд эмх замбараатай харагдах байсан болов уу гэж боддог. Барилгад өнгө заах бол нэг тийм аймаар асуудал биш шүү дээ. Тэр ялангуяа манайх шиг орчны бохирдол ихтэй, жилийн 4 улиралтай, нар салхины нөлөө ихтэй улс тэр бүх эрсдлүүдээ тооцоолоод шороон өнгө ч юм уу, улаан тоосгоны өнгө ч юм уу заачихад нийт хот нь эмх цэгцтэй бас ашиглалтад ч өнгө сэргээх хугацаа хойшлох гэх мэт зөндөө асуудалд нь нэмэртэй. Яармагийн дахин төлөвлөлтөд их дэврүүн сэтгэлээр “сувдан цагаан” гэж ирээд л байсан. Яг үнэндээ Монголд одоогоор хамгийн тэсвэргүй, хамгийн их ашиглалтын зардалтай өнгө цагааны төрөл л байна. Бүр хувь хүн ч цагаан хувцастай явах хэцүү байна шүү дээ. Хэчнээн сувдан цагаан гэсэн ч одоо Яармаг яг гоё ярайтал цайрсан уу гэвэл бас үгүй л байгаа байхгүй юу. Хэхэ. Бараг Хурдын өнгөөр жигдрэх болж байгаа юу? Юув? Бас өндөр байшин л байвал лаг хот, лаг гэж боддог юм шиг байгаа юм. Яахав инженерчлэлийн хувьд өндөр байшин инженерийн чадавх харуулна гэвч яг амьдрах өртөг, зардлын тухайд бол үгүй шүү дээ. Өндөрсөх тусмаа маш их зардалтай.Өндөр чадалтай лифт нэг биш нэлээн хэд байхаас аваад, ус дулааныг нь тэр өндөрт гаргах чадалтай насос сэлтээс аваад маш их зардал. Тэр зардлыг барилга худалдан авагч нарт сайхан м2 үнэнд нь шингээгээд зарна. Манайх шиг газар нутагтай, тэлэх боломжуудтай газарт дэд бүтцээ өргөжүүлээд 9с дээш давхаргүй барилгаар дүүрэх боломж битүүдээ л байлаа. Угаасаа ямар 10 сая хүрэх хүн амтай ч биш, багтахгүйн зовлонгүй шүү дээ. Аль эрт 9с хэтрэхгүй давхар орон сууц гээд заачихсан байсан бол өдийд гэр хороолол барилгажчихсан байх байлаа. Алсын хараа дутах юм даа, мөнгөгүй хүмүүст.

Зарлалын самбар, хаягжуулалт, замын гэрэл, гэрлэн дохио, хашааны хаалга, явган хүний зам, тэмдэглэгээ гээд жижигхэн зүйлсээ сайжруулахаас эхэлмээр юм шиг. Бид нар ямар хөрөнгөтөн улс биш хамгийн лаг, хамгийн үнэтэйд мөнгө, цаг хугацаагаа үрээд байх хэрэг байхгүй юм чинь сайхан цаг агаар, нар салхиа бодсон стандартууд гаргачихвал хэн хэндээ л хэрэгтэй байх даа. Өвөл хүмүүс явган хүнийхээ замаар биш, давс цацсан машин замаар машинтэй чихчилдэн явахыг хаа сайгүй харна. Учир нь явган хүний зам байтугай, манай төв талбай чинь “тэшиж үх” гээд өнгөлсөн хавтангаар хийсэн байдаг шүү дээ. Яг үнэндээ нялх хүүхэд тэврээд явахад хотын бүх л зүйлс аюул. Явган хүнд ч, машинтайд ч аюулгүй юм байхгүй. Дайнгүй энх улс гэх ч амьдралын чанар нь дайны талбар байх үед…

Нэг их төсөв мөнгө шаардаж дэд бүтцээ сайжруулж, зам харгуй, үерийн усны суваг эдр гэж чаддаггүй юм аа гэхэд өнгөөр жигдрүүлэх гэх мэтчилэн жижигхээн ухаан, чадал, халаас хүрэх зүйлсээсээ эхэлдэг байж болохгүй юм болов уу?Бүх зүйл дээр ингэж ажиглагддаг. Хувь хүмүүс ч гэсэн хүний хүнийг өөрчилж засах, толгой солих, улс орны байдал, төсөв гэцгээх биш зүгээр л СӨХ өө сайн ажиллавал дэмжээд, муу ажиллавал сайжруулаад орчныхоо эрүүл аюулгүй байдал хангах, үүднийхээ гэрэл гэгээ солиулж чадах, гарц гаргалгаагаа гаргах, чадах, түүнийг шийдүүлэхэд л анхаараад сайжруулж чаддаг баймаар. Чадлаа хүрч байгаагаа бага багаар өөрчлөөд засаад, сайжруулаад явдаг баймаар шиг. Тэгэхгүй хүн бүр “дэлхийн тавцан” гэж их ярих болж. Бараг хүүхэддээ бүтэн оймс өмсгөөгүй, хир хуйг нь гүйцэд арилгаагүй яваа хэрнээ “дэлхий” яриад яахав дээ. Худаас гадна мөнгөн дээрээ очоод л гацна шүү дээ. Том мөрөөдөхийн муу ч юу байхав. Гэхдээ том мөрөөдсөн ч мааш жижигхэн өөрийнхөө чадал хүрэх, өөрчилж болох зүйлсээс эхэлж ХИЙЖ л эхлэх хэрэгтэй байгаа байхгүй юу. Гэр орноо олигтой байлгаж чадвал түүнээсээ, үр хүүхдээ сайн хүн болгож чадах бол түүнээсээ, өөрөө үлгэр сайн хүн байх бол түүнээсээ л эхлэх хэрэгтэй. Гэрээ засмаар байвч ханын цаас, шал солих мөнгөгүй бол угаагаад юм уу арчаад үзэх, болохгүй бол арай хямд цаасаар халтардсан хэсгүүдээ солиод үзэх гээд чадвараа хүрэх бүх аргыг тултал нь хийгээд л үзээсэй. Тийм хүмүүс болоосой. Яг л хотхоны шарилж тайруулчихдаг, шинэ явган гарц гаргуулчихдаг, архи уусан нэгнийг толгойг нь эргэтэл лекцдээд явуулчихдаг өвөө шиг амьдраасай.

Саяхан нэг лекцэнд суусан чинь “Хүн яг гол нэг жижигхээн зуршлаа өөрчлөхөд бусад бүх амьдралынх нь хэв маягт өөрчлөлт сайжралт болдог” тухай яригдсан юм. Эрүүл мэндийн асуудалтай, архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, сэтгэл гутралтай, санхүүгийн асуудалтай залуу өглөө бүр спорт алхаагаар алхдаг болтол удаандаа бие нь эрүүлжээд, сэтгэл гутрал н үгүй болоод, эрүүл мэндээс нь болж байсан санхүүгийн бэрхшээл нь арилаад, буруу зуршлуудаасаа татгалзаад гээд л…

Заримдаа ямар ч зүйлд, хүний амьдралд ч, улс оронд ч яг гол жижигхээн алхам хийхээс эхлэх нь бий. Би л лав өдөржин дуусчихсанд нь стрессдсэн хүүхдийнхээ хамар цэвэрлэдэг хөвөнг бэлдэж тавьчихаад унтлаа.

cheers,

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

Responses (1)