Зөнгөөрөө л хийчихдэг behavior

expert.bunny
3 min readApr 24, 2019

--

Миний бичлэгийн дараа үүнийг заавал уншаарай :)

Саяхан санамсаргүй эрүүл хоол идэш уушны тухай яриа дэлгэж зогсоод би нэг зүйл анзаарснаа та нарт сонирхуулах гэсэн юм. Би бага байхаасаа л биеэ их чагнадаг, юу идвэл яаж байна, юу надад таалагддаг юм байна, би яахаар баярлаад яахаар гунигладаг юм байна гэдгийг л туйлын их сонирхдог хүүхэд байсан болохоор /одоо ч энэ биеэ чагнадаг маань үргэлжилсээр л байгаа / ерөнхийдөө юу надад таалагддаг, зохьдог, дуртай дургүйгээ гадарладаг болчихсон байдаг юм байна аа гэж…

“Би ер нь л юу ч хамаагүй л идчихдэг, харшилдаг ногоо жимс байхгүй, тааралдсанаа л иддэг ч нэг их жин нэмээд сүйд болсон удаагүй” гэж хэлж дуусаагүй байтал “Гэхдээ чи өөрөө ч анзаарахгүй угаасаа л зөв хооллодог ч юм билүү?” гэж асуух нь тэр.

Би бодлоо… Нээрээ тийм ч юм болов уу? Би гурил, гурилан бүтээгдэхүүнд угаасаа тийм их дуртай биш, иддэг ч үгүй, чихэр бас нэг их иддэггүй, сүү цагаан идээний төрлийн идээ бас хаа нэг л иддэг, өдөрт ганц удаа мах ахиухантай хоол иддэг, шөл устай байвал бүр сайн иддэг, даараад байдаг болохоор шөлтэй хоолонд дуртайдуу, идэхдээ зохистой хэмжээнээс хэтрүүлж иддэггүй юм байна аа, бас суугаа ажилтай болохоор 7 хоногт дор хаяж 2 удаа алхах ч болтугай идэвхтэй хөдөлгөөн хийхийг хичээдэг гээд тоочсон чинь “гүй, ээ би нээрээ аяндаа л зөв хооллоод, эрүүл амьдраад байдаг юм биш байгаа?” гэж бодлоо. Хаха, гэхдээ бас гүй л дээ. Cola их уудаг, транс маранс тостой чипс их иддэг юм чинь.

Зүгээр нэг бүтчихдэг ажил, төрчихдөг бие, хайрлуулчихдаг сэтгэл гэж яаж байхав дээ. Мэдээж энэ бүхний ард нөр их хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэл, бүтэлгүйтсэн зуршлууд, хэрэгжсэн дадлуудаар л бүрэлдсэн байж таараа. Хүн бүрт л ийм амьдралынх нь хэвшил болчихсон, одоогийн өөрийг нь бий болгосон үнэт зүйлс байгаа.

Бусад хүмүүсийн яг одоо иддэгээсээ арай бага идэж, идэх дуртай чихрээ хорин байгаа ч, хэзээ ч түүн шиг гоолиг болохгүй юм шиг мэдрэгдэж байгаа энэ хүслийг би аль хэдийн үзээд туулаад, даваад гарчихсан болохоор хичээх шаардлагагүй болчихсон ч юм билүү?

Хүмүүс арьс чинь их гоё юм, яаж арчилдаг вэ? гэж их асуудаг. Би хэнэггүйхэн, нэг их арчилдаггүй ээ л гэж хариулдаг юм. Яг үнэндээ үнэтэй цайтай юм түрхэж, үнэтэй салонд орж хэвтдэггүй болохоор надад бол “зүгээр л, зөнгөөрөө л” сайн цэвэрлээд, чийгшүүлээд, улирал цаг агаартаа тааруулж хэрэгтэй шим тэжээлээр нь хангаад арчилчихдаг. Гэхдээ зарим юу ч түрхдэггүй хүмүүсийн дэргэд би арьсандаа их юм түрхдэгт орно. Миний арьс ус үзэв үү гүй юу таталддаг хуурайгийн хуурай арьс болохоор байнга чийгшүүлж, сайн арчлах шаардлагатай. Хамгийн хэцүү нь яг тохирсон бүтээгдэхүүн, яг тохирсон маск, яг тохирсон арчилгаа олох. Хуурай дотроо, тос дутвал хуурайшдаг, чийг дутвал хуурайшдаг ч гэж бий. Минийх бол чийг дутахыг л үздэггүй арьс. Тиймээс тоникийг ууж, маскийг иддэг л дээ гэрийн нөхцөлд. Хэрэв та минийх шиг төрлийн арьстай бол зөгийн бал л хамгийн сайн найз чинь шүү. Зөгийн балтай ус уух, зөгийн бал+авакадо-той маск, синтелла асидтай бүтээгдэхүүн бас тун сайн тохирно. Хуурай мөртлөө эмзэгшихээрээ улайж, цочирч цагаан батга гарах гээд байдаг тул байнга чийгшүүлэхийн зэрэгцээ улиралд нэг удаа ч болов тайвшруулж, баланс тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Энэ бүхнийг би яаж мэдэж авсан бэ гэхээр маш их цаг хугацаа зарцуулж судалж, таарах таарахгүй олон бүтээгдэхүүнд мөнгөө үрж туршсаар байж мэдэж авсан. Миний насны Солонгос жүжигчин 18-тай харагдаж чадаж байхад би яагаад болохгүй гэж шийдсэнээс эхэлсэн. Харин одоо бол ямар ч хичээл зүтгэл орохгүйгээр арьсаа чийгшүүлж, арчилж чаддаг болсон байх нь.

Хэн болж юунд хүрэхийг хүснэ, түүнийхээ төлөө тасралтгүй суралцаж, мөрөөдөж зүтгэж байж л олддог гэдэгт би итгэдэг.

Бүх л амжилттай мундаг хүмүүс их л амархан нэг гайхалтай боломж олдоод л түүндээ хүрчихсэн мэт түүх ярьдаг ч яг үнэндээ тэд тэр үнэт мэдлэг мэдээлэл, тэр хурууны үзүүрийн чадвараа маш их цаг зарж, хичээж зүтгэсний дүнд л олж авсныг бид анзаардаггүй. Хүн бүрт л ийм түүх бий. Хоол, салат хийх нь төвөггүй санагддаг, хэн нэгэнтэй яриа амархаан өрнүүлчихдэг болчихсон, сэтгэлээр унасан найзыгаа инээлгэх авьяастай, итгээд даалгасан ажлыг гүйцэтгээд сурчихсан, олонтой байхад зохион байгуулагч хийдэг болчихсон, хэрэглэсэн зүйлээ байранд нь буцаан хурааж, идсэн аяга тавгаа угаагаад тавьдаг болчихсон гэх мэт таньд ч бас төвөггүйхээн хийчихдэг болсон түмэн зүйлийн дадал, зуршлууд байгаа…

Өдөр, цаг, минуттай уралдсаар ядарч туйлдаад, унтаж идээд, урвайж дарвайснаа, мартаад эхэлдэг энэ завгүй амьдралынхаа завсраар хааяа нэг намуухан хөгжимд налж суугаад халуун цай оочингоо

“Өөрийнхөө хамгийн төвөггүйгээр хийж дадчихсан зүйлс”-ийг эргэцүүлэх чинь сайхан шүү дээ. Гүй ээ, овоо шүү гээд өөрийнхөө толгойг илээд…

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet