Зовлонгийн шалтгаан
Өчигдөр таксинд явж байтал “Хүүхэд зовлон үзэж өссөн нь дээр үү? Эрхлүүлж өсгөх хэрэгтэй юу?” гэдэг асуулга яваад хүмүүс санаа оноогоо хэлж байгаа нэвтрүүлэгтэй таарсан юм. Сонсоод байхад бүгд л зовлон үзэж өслөө гээд муудаад байх юмгүй л гэнэ, муудна л гэнэ, хар бараан хардаг болно л гэнэ.
Тэгснээ хөтлөгч нь Будда байна. Бага ахуйгаасаа зовлон байтугай юу ч үзээгүй бөөцийлүүлчихээд гэрээсээ явж зовлонгоо хайсан гэнэ…
Буддаг жишээ авчихаад юу яриад байгааг нь ойлгохгүй жо зовлоо. ккк
Миний бодлоор, “хүүхэд жаргах л эрхтэй.” Яагаад зовно гэж, зовлон үзүүлэх ямар сайн гэж? Үзүүлэхийг хүсээд үзүүлдэг зовлон гэж байдаг гэж үү? Бүгд л үзүүлэхгүй юмсан гэж хичээж явахдаа санаандгүй л элдвийг үзүүлчихдэг болохоос. Тэрийг үзэх яавч сайн биш байх. Тарчиг хатуугийн зовлонтой бол түүнээ даван гарч, тарчиг тааруухантайгаа дасаж эсвэл даван гарах гэж бусад хангалуун өссөнтэй хайрьцуулахад их хугацаа зарцуулна. Хагацал хоосролын зовлонтой бол тийм юм үзээгүй хүнээс илүү тэр сэтгэлийн хоосролоо анагаах гэж их хугацаа зарцуулна. Хүн байгаагүй, дутуу байсан бүхнээ нөхөх гэж илүү их хугацаа зарцуулдаг. Өөртэйгээ ярихын дутуутай бол өөрийгөө олох гэж их хугацаа зарна. Өрөөлийг уучлахын дутуутай бол бусдыг ухаарах гэж их хугацаа зарцуулна. Ердөө л ийм энгийн. Тиймээс хүүхдээ илүү хурдан ертөнцийг таньж мэдэж учраа олоосой гэж хүсдэг ээж аав бол ийм аль ч дутуугүй өсгөхсөн л гэж хүсэх байлгүй дээ.
Будда ч мөн адил ямар ч дутуугүй өсөж, илүү дутууд цаг зарцуулж даван туулах хэрэгцээгүй өссөн болохоор, бусдаас илүү их хайрлуулсан болохоор л дэлхийн зовнилийг анзаарах гэгээрлийн нүдийг олчихсон хэрэг. Хэрэв Буддагийнх ядуу байсан бол, өнчин байсан бол, боловсрол соёлгүй байсан бол Будда болохгүй байсан ч байж магад. Тэр бүхнээ давж нөхөж авах гэсээр амьдралын хугацаа нь үрэгдэх байсан биз.
Хүний анхдагч хэрэгцээ хангагдаагүй байхад, /идэх уух өмсөх зүүх, эрүүл саруул орших/ дараагийн шатны соён гэгээрлийн ухаарлын боловсрохын хэрэгцээ хангагдана гэж үгүй. Өлсөж үхэхийн ирмэгт байж олдсон мөнгөөрөө үмх мах авалгүй 10 хуудас ном авч уншина гэж үү? Өлбөрөхөө зогсоочихож байгаад дараагийн юмаа болох байлгүй дээ. Хагацлын зовлонтой, дутуутай бол түүнийгээ нөхөх ямар нэг юм олж байж л дараагийнх руу нь орно. Анхдагч хэрэгцээгээ хангаж байж л гэгээрч мэгээрнэ шүү дээ. Тэгэхгүй “анхдагчаа алгасаад гэгээрээд байвал шизофрени болно оо” гээд Баабар ах “Дори идэр дүүдээ хандах нь” номдоо тов тодорхой тайлбарласан байдаг шд.
Тэгэхээр минийхээр бол хүүхдийг аль чадахаараа л бүхий л хэрэгцээг нь хангаж хангалуун дүүрэн өсгөх нь зүйтэй. Тэр дутуу бүхнээс л дутуу хүн бий болж өөрийгөө дүүргэж бүтээх гэж хамаг амьдралынхаа хугацааг алдаг ажгуу. ккк
Гэхдээ эрхлүүлж байна гээд хүнээс өмөөрч хэрэлдээд, түмнээс нууж аргадаад байхыг хэлээгүй шүү. Эрхлүүлэх, анхдагч хэрэгцээг нь хангах, хөгжих хэрэгцээг нь хангах гэдэг чинь шал өөр утга шүү дээ та минь. Хэлэхгүй бол, айл бүр ганц нэгхэн хүүхэдтэй. Тэднийгээ “миний хүүхэд дэлхий, бусдын хүүхэд мэлхий” гээд өсгөчихсөн хүмүүс everywhere. Андуурав аа.
Cheers,