ДУТУУ ХҮМҮҮС

expert.bunny
2 min readDec 15, 2019

--

Дахиад эмзэг сэдвээр бичихдээ хүлцэл өчье.

Дутуу хүмүүс. Бид нар үргэлж дутуу хүмүүс. Мөнгөтэй нь мөнгөтэйдээ зовно, мөнгөгүй нь мөнгөгүйдээ зовно. Юмтай байх хэцүү, байхгүй байх бас хэцүү. Сонин шүү тэ?

Монголчууд их сонин зүйлээр энэ зайгаа нөхөхийг хичээдэг. Баян Батын баруун хойно уяатай байдаг азаргатай адилхан азаргыг байдгаа шавхаж уяад Батаас дутахгүйгээ баталж, байхгүйгээр дүүрэн олон хононо, яахав дээ, Монгол хүн байна даа, базарваань.

Сүүлийн үеийнхэн маань бол өөр. Гоё.

Байгаадаа л таараад аз жаргалтай амьдраад, илүү өөр зүйлээр бусдаасаа ганган харагдах тухай сэтгэл чилээцгээдэг болж. Бахадмаар.

Гэхдээ нэг тийм хоцрогдол байсаар л байна. Хөгшин залуу хөрвө нялхгүй нэг тийм соёлын, сэтгэлгээний хоцрогдлууд. Сайн гэж зөвлөсөн болгоныг уншаад, сураад, үзээд ч гүйцэхгүй хүмүүжлийн сэтгэлгээний хоцрогдол. Нийгмийн хоцрогдлууд.

Хуулбарлаж чаддаггүй хоцрогдлууд. Хятадтай хэдэн зуун жил дайтахдаа дайтаад, найзлахдаа найзлаад явсан байж хоолны соёл арга ухаанаас нь сураагүй нь сонин байгаа биз. Бууз баншнаас хэтрэхгүй. Гэтэл өнөөдүүл нь хонины махыг хуурай шарж мардаг хоолтой болчихсон ч байх шиг. Оросоос пирожки, нийслэл салаттай юм уу даа. Жуулчлалыг хөгжүүлэх жилүүд зарлаад амжилт олоогүй нэг хэсэг асуудлыг боловсон 00 душгүй гэдэг асуудал гэж үзээд байсан нь үгүй болж таараад байгаа. Бодлого зохицуулалтаас гадна аль ч жуулчид татдаг оронд бүхэл бүтэн хоолны соёл гэж юм байгаад байна. Дээр үеэс л “Хоол сайтынд хүн бүхэн цуглана” гэдэг дээ. Тэгээд хоолгүй байж хорвоотой л гэнэ шүү. За энэ мэт бусдаас сураад өөриймшүүлээд хулгайлаад ч болов өөрийн болгож болох байсан сая сая зүйлс бий. Одооны ид хийж бүтээдэг насандаа яваа ах эгч нар бүгд л насаараа ОРТ үзэж, орос рекламны шуургаар нүдүүлж өсчихөөд одоо өөрсдийнх нь хийж байгаа рекламыг л хар. Бүтэн рекламны мангасуудын хийдэг рекламыг үзэж өсчихөөд ийм яджж сэтгэлгээтэй юм хийгээд сууж байгаадаа ивдэг болов уу? Бараг сайн хадмалтайгаар нь оросууд шиг цацвал ч яадаг юм? Энэ мэтхэнээс манайхан хуулбарлаж, хулгайлж, өөриймшүүлж сураагүйг харж болно. Оюуны үнэт зүйлд төдий л анхаарах боломж нь олдоогүйгийнх ч юм уу, огтоос анхаардаггүйгийнх нь ч юм уу юутай ч хүний юмыг өөртөө нааж чаддаггүй. Сурдаггүй. Тэгсэн хэрнээ хүний юманд хүнийрхэж, минийх биш юм чинь гэж хандахыг яана? Ер нь бараг хүний юмыг хүнийрхдэгээс л хүнээс суралцдаггүй байх. Хүний юмыг өөрийнхөөсөө илүү нандигнан, хүндэтгэдэг байсан бол сэтгэлгээний хөгжил нь хаа ч явах байсан юм билээ? Хэр жижиг чадалгүй байх нь хамаагүй, гол хөгжлийг удирддаг зүйл чинь тасралтгүй суралцах хөгжих хүслэнт сэтгэлгээ юм шүү дээ. Тэр хэдэн тэрбум Хан үндэстний дундаас гарч ирсэн цөөхөн манжуудын үлгэрийг л сана. Тэд хэдэн мянган жил хаанчиллаа? Тэд Хан үндэстнээс илүү байхын тулд сайн суралцсаар байж тэнд хүрсэн нь дамжиггүй. Ингэж хөгжих, сурах, өөртөө наах, өөриймшүүлэх, хуулбарлахгүйгээр, хуучнаас шинийг, илүүг бүтээхгүйгээр, том харж, хол хөдлөхгүйгээр үүрд ДУТУУ ХҮМҮҮС л байх болно.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet