ДОТУУР ХУВЦАС СОНГОХДОО
Бага байхаас ээж маань захиж сургаж ирсэн зүйл бол “Эмэгтэй хүн үргэлж, бүр үргэлжид цэвэрхэн сайхан дотуур хувцастай явах ёстой. Муудвал сольж байх хэрэгтэй. Эмэгтэй хүний дотуур хувцас л ариун цэвэрч байдлын төгс илэрхийлэл болдог тул үргэлж хамгийн гоё дотуур хувцастай явахыг бодоорой.” гэж захиж ирсэн болохоор дотуур хувцасны худалдан авалт гэдэг миний хамгийн дуртай хэсэг. Хэхэ
Ээж бүхэлдээ нэвтэрхий толь, амьдралын зам мөр заагч шүү дээ. Тэгээд бага байхын л дүү бид хоёрт ээж төрөл бүрийн цэцэг, чамин хээ угалзтай трусикнүүд, дээр үеийн орос кинон дээр гардаг хүүхнүүдийн өмсдөг өнгө өнгийн зурагтай сарфанууд гээд л төрөл бүрийн дотуур хувцас бэлдэж өгдөгсөн. Хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг гэсэн бүхнийг л бэлдэж өгнө.
Гэхдээ миний ажигласнаар охидууд, бүсгүйчүүд дотуур хувцас сонгох, өөрт тааруулан авах, ая тухтай өмсөж хэрэглэх тал дээр учир дутагдалтай байх шиг санагдаад нэгэн зөвлөгөө оруулахаар шийдлээ.
Хөхний даруулгын хэмжээг тодорхойлох.
Та нар нэг хальт мульт амьдралын туршлагаараа 32B, 36A гэх мэт нэг размертай байгаа ч учрыг нь сайн мэдэж байна уу?
32, 36 эдр гээд байгаа чинь цээжний тойргийн хэмжээ юм. Гэхдээ инчээр. Би 10 жилд байхдаа цээжний тойргоо 2т хуваагаад гарсан тоог нэлээд том болтлоо даруулга сонгохдоо хэрэглэдэг байсан нь см шахуу алдаатай хэмжээ байж билээ. Хэхэ ( 1инч=2.5см)
A,B,C,D бол мэдээж аяганы хэмжээ. Үүнийг тодорхойлохдоо хөхний тойргийн уртаас цээжний тойргийн уртыг хасаад гаргаж авна. Хавсаргасан зургаас үзнэ үү.
1инч = A cup, 2 инч=B cup, 3инч=C cup, 4 инч=Dcup, 5 инч=DD cup гэх мэт.
Ингээд л бүтэн хэмжээ өнөөх 36B эдр чинь зөв эсэх нь тодорхойлогдоно шүү дээ.
Мөн даруулга сонгохдоо: хөхний хэлбэр хэмжээ байрлал маш чухал. Зарим эмэгтэйн хөх гадагшаа ургалттай байдаг бол, заримынх нь яг голдоо, заримынх нь том, заримынх нь жижиг. Бүр нэг хүний баруун зүүн тал хоорондоо өөр байдаг юм чинь дээ. Тэгэхээр эдгээрийг бодолцон үзэх шаардлагатай. Цээжнийхээ 2 зах руу байрлалтайдуу жижгэвтэр хөхтэй бол 2 cup хоорондоо хол зайтай даруулгууд сонгох нь зөв. Учир нь хэт ойрхон cup-тайг сонговол суганы мах хэт дарагдан буруу хөгжих, цээжний хажуугийн мах унжих гээд байдаг байна. Харин цээжний голдоо байрлалтай бол 2 cup ойрхон VS даруулга сонгоход асуудалгүй юм. Мөн хөх томрох тусам хатуу даруулгатай, бүтэн cupтай буюу бүтэн тойрсон төмөртэйг (хагасын хагас тойрог төмөртэй байх нь бий) ба бүтэн өмсгөлтэй буюу өргөн ар тал, суганы мах, нурууны махыг бүтэн дарах, өргөн мөртэй даруулга сонгох нь зөв байдаг. Цээжнийхээ 2 зах руу харсан толгойтой хөхөнд бол demi cup bra илүү тохиромжтой байдаг шүү.
Таарахгүй байгааг мэдэхийн тулд:
Даруулганы мөр гүн шигдэх юм уу даруулганы гадуур цамц өмсөхөд хөхөн дээр 1 биш долгиолсон шулуун үүсч байвал даруулганы аяга хэтэрхий жижиг байгааг илтгэнэ. Даруулгын ар тал томдсон тохиолдолд аяга цүлхийж зай гарах юм уу мөр байн байн унжиж орж ирдэг. Эсвэл даруулганы ар тал хэвийн таарч байгаа хэрнээ мөр байн байн унжиж байгаа бол даруулгын аяга томдож байгааг илтгэнэ. Мөн даруулганы төмөртэй хэсэг яг хөхний эргэн тойронд жигд хүрсэн байх ёстой ба хөхний тойргоос илүү гарах юм уу багадсан мэдрэмж байх ёсгүй. Энэ нь хөхний хэвийн байдалд өөрчлөлт оруулдаг.
Материал сонголт: Эмэгтэй хүн бүрт хар, цагаан, биеийн бор өнгөтэй дотуур хувцас байдаг. Эдгээрийн аль нэг нь юм уу мөн дахиад нэг торон, жекси нэг даруулга байхад бас илүүдэхгүй. Түүнээс бусад нь өдөр тутамд өмсөх зориулалттай хөвөн даавуун байх нь тохиромжтой. Би сүүлийн жилүүдэд Японы OYSHO брэндийн дотуур хувцас авдаг болсон. Эднийх хөвөн даавуун хэрнээ өнгө загварын өргөн сонголттой байдаг юм. Монголд Улаанбаатар их дэлгүүрийн 2 билүү 3 давхарт байдаг.
Зөв дотуур хувцас өмсөж сурна, хэрэглэнэ гэдэг чинь эмэгтэйчүүдийн их олон хөгжилд нөлөөтэй. Шилжилтийн насны охидууд гэхэд хэт бариу, бусдын нүдэнд анзаарагдамгүй даруулга зүүж хөхөө ургаж байгаагаа нуух хандлагатай байдаг ч энэ хэт бариу даруулга хөхний ургалтыг сааруулах, хөгжлийг саармагшуулах сул талтай. Тэгэхээр аль ч цаг үед яг өөрийн хэмжээнд тохирсон хэмжээтэй дотуур хувцсаа сонгон авч хэрэглэж сурах нь зүйтэй. Мөн ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ байлаа гээд түүнийг хэрэглэж байгаа соёлоос л хүн бүр өөр өөр үр дүн авдаг шиг санагддаг юм. Дотуур хувцас ч мөн адил. Хэчнээн үнэтэй чамин ганган брэндийн дотуур хувцас байлаа гээд бусад хувцаснаас салгаж юм уу, тусдаа угаалгын уутанд угааж хэвшихгүй бол үнэтэй сайхных нь ид шид гарч амжаагүй байтал даруулганы төмөр нь гарах гэх мэт хурдан чанараа алдах асуудлууд үүсдэг шүү. Мөн ямар ч тарган, мяраалаг байлаа гээд хамаагүй яг өөрт тохирсон дотуур хувцсыг л хэрэглэж сурах хэрэгтэй. Тарган хүмүүс ихэвчлэн аяганы хэмжээндээ тааруулж авсан, багадсан даруулгатай үзэгдэх нь элбэг байдаг. Ар далаараа мах нь хэд хэнд хуваагдсан, мөр нь шигдсэн гээд л… Энэ олон овон товон улам л тарганыг тарган, булцгарыг нь булцгар харагдуулахаас өөр шидгүй. Хөхнийхөө гоо сайхныг хэвээр нь хадгалахыг хүсвэл гэртээ ч даруулгатайгаа байхыг зөвлөдөг юм билээ. Гэхдээ надад бол гэр гэдэг даруулгагүй, эрх дураараа байх ёстой газар шиг санагдаад байдаг юм. Одоо сүүлийн үед бүр даруулга чинь хувцас байхаа болоод скоч болчихсон байна билээ шүү дээ. Хэхэ
Мөн ариун цэвэр. Эмэгтэй хүнээс сайхан үнэр үнэртдэггүй юм аа гэхэд муухай, эвгүй үнэр огт үнэртэх ёсгүй тул бүгд хувийн ариун цэврээ дээд зэргээр сахиж сураарай.
CHEERS,