БЭЛЭГ
Амьдралдаа та нар ямар нэг бэлэг аваад бүр чин сэтгэлээсээ нулимсаа гартал баярлаж догдолж үзсэн үү? Намайг бага 7,8 р ангид байхад ээж дүү 2 маань алаг оосортой одоо трэнд болоод байгаа мөрний цүнх шиг цагаан даавуун oriflame н цүнх төрсөн өдрөөр минь өгч байсан юм. Би тэр үед яагаад ч юм маш их догдолж баярлаж үзсэн сэн. Бэлэг гэж ийм юм байдаг байх нь ээ, ингэж хөөрч зүрх хурдан цохилдог байх нь гэж…
Тэгээд саяхан төрөөд 1 р эмнэлгийн хагалгааны дараах өрөөнд хөхний сүү, хөхнийхөө учир олохгүй, 1 хөхөө буруу зуулгаад цус шүүрүүлчихсэн хэвтэж байхдаа одоо амьдралд минь нар сар болсон сувилагч эгчтэй танилцаж дотноссон юм. Нар мандах шиг сайхан инээмсэглэлтэй эгчийн хөөрхөн зан, хүнд тусархууг нүдний шилтэй сувилагч эгч гээд ээж аавууд бараг андахгүй дээ. Эгч ээж хүүхэд аль алийг нь асарч анагаадаг шидтэй. Бусад тусыг нь хүртэж үзсэн нь над шиг боддог эсэхийг мэдэхгүй ч би хувьдаа энэ эгчийг ээжийн минь тэнгэрийн орноос надад илгээсэн БЭЛЭГ гэж боддог юм.
Хүнд хэцүү үед тусыг нь үзэж биширсэндээ ч биш. Зүгээр л хорвоод ийм сайн хүн байдаг гэж бодохоор, хүнд тусална гэж эгчийн хийж хэлж байгааг л хэлдэг юм байна гэж суралцахаар, биширдэг юм.
Эгч ажлаа гавштал хийнэ. "Хүн чаддаг юмаа тултал нь, чин сэтгэлээсээ хийвэл бүх зүйл аяндаа сайхан болно" гэж дандаа хэлнэ. ҮНЭН ҮГ. Тэнд хэвтэж төрсөн ээжүүд гадарлаж л байгаа байх. Хүүхэд шарлалтын аппаратанд оруулж өгөөд унт миний хүү гэдэг эгч. Баргийн нөхөр ч хэлдэггүй хайрын үгс болох "унтаад ав" гэх. Хөхний учир олж, нухаж сааж амлуулж сургах хооронд эгчийн ярьж байгаа, үйлдэж байгаа бүхэн учиртай. Өөрөө сураад ав гэнэ. Амнаас нь гарч байгаа бүхэн эерэг таатай, сэтгэл л бүхнийг шийднэ, мууг бодож болохгүй,дандаа сайхныг бод гэнэ…
Тэгээд эгчид талархаад барахгүй гэртээ гараад удалгүй нялх биетэй амьдрал үзээд хүүхэдтэйгээ хоёулаа лааз өшиглөөд явж байхад уйлж ирээд тас тэврээд "яг чам шиг охин дүүтэй" гээд өдийг хүртэл гэр орноор ирж хуушуур, бууз барьж ирээд намайг түшиж тулсаар…
Би тэр лааз өшиглөсөн хүнд үеүдийг энэ эгчгүйгээр давж гарч чадах байсан эсэхдээ одоо ч эргэлздэг юм. Эгчийнхээ дүү шиг нь санагдаж, дүү нь болсондоо бүр хязгааргүй баярладаг юм.
Хүний тус авах хэцүү. Хариулж ачилж чаддаг болов уу гэж их хариуцлага үүрдэг болохоор. Гэхдээ эгч маань тэгж огт бодохгүй. Би ганцаараа ийм их тусыг үзсэн нь бас бишээ. Бүр толгой эргэм баян чинээлгээс аваад над шиг зовлонгоо чирсэнүүд гээд тоолж барамгүй.
Хүнд чин сэтгэлээсээ тусална гэдэг чинь бид нарын мэдэхээс тэс өөр зүйл юм билээ. Эгчийн ийм энэрэнгүй сайхан тусч сэтгэлийг Тереза эх ч гүйцэхгүй нээрээ. Таагүй зүйл тохиолдох юм уу, сэтгэл нь гутархад цусаа өгөөд сэргэчихсэн явдаг гээд л бод. Одоо ч яаж ийм сайн хүн байдаг байна аа хорвоод? тэр нь надтай учирдаг ямар их аз вэ? гэж бодогдсоор л байна.
Жаахан байхад боодолтой чихэр, гятганасан эдлэл, ганган цүнхэнд догдолдог байж. Ер нь юуханд ч догдолдог байж. Том болохын хэрээр бид юуханд ч баярлаж догдолдогоо байгаад "том хүн" болчихдог шиг. Харин энэ онцгүй "том хүн" ий хариуцлага үүрсэн амьдралд 3 настай хүүхэд баавгайтай чихэр үзээд догдолсон шиг, ээжийн минь авч өгсөн цүнх шиг баярлуулж, тэдгээрээс ч илүү гайхшруулж бишрүүлж хайрт хүү бид хоёрыг түшиж амьдралд минь гэрэл цацруулан ирж тусалсан хайрт эгчдээ СУВИЛАГЧДЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ. ХАЙРТАЙ ШҮҮ, ХЯЗГААРГҮЙ,ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХДАГ ШҮҮ.💛
Эгч " Учрах ёстой хүмүүс болоод л хоёулаа учирсан" гэж анх уулзаад л хэлэхэд нь миний өмнө бичиж байсан энэ үгс санагдаж байж билээ. https://link.medium.com/IxogX7M7Ezb
Зүгээр таньтай энэ насандаа учрахаар тийм сайн байсандаа өмнөх насныхаа өөрт талархдаг юм. ХЭХЭ
bunny,