“Бочан” номын тэмдэглэл

expert.bunny
3 min readFeb 3, 2020

--

Нацумэ Сосэки — Бочан

Би сүүлийн 3 сар дан Япон зохиолчийн ном уншиж байгаа бөгөөд өмнө нь Кэнзобүри Оэ “Хувийн асуудал” номны тухай оруулсан байгаа. Энэ удаа Хувийн асуудлыг бодвол маш хөнгөн уншигдах Бочаныг дуусгасан даруйдаа сэтгэгдлээ оруулж байна.

Энэ ном миний хувьд маш хөнгөн хэрнээ үйл явдал ихтэй яг л хүүхдийн ном байхдаа гэмээр уншигдсан. Гэхдээ хамгийн гүн үлдсэн сэтгэгдэл нь Бочан гэх нэршилтэй нь холбоотой. Ямар ч хувь хүн ХҮН болон төлөвшихөд нэн чухал зүйл бол мэдээж хувь хүний үнэт зүйл гэж юм бий. Манай гол баатрын үнэт зүйл нь энэхүү өхөөрдсөн Бочан нэрийг өөрт нь өгсөн Киё болон түүний хайр билээ. Бочан гэдэг нь манайхан хүүхдээ бага байхад нь өхөөрдөж “Түнтүүш, Томоо, Жижгээ, Бондоолой” гэж нэрлэдэг шиг нэр юм. Хөвгүүнийг ийн нэрлэж дууддаг ажээ. Бочаны багад гэрийн үйлчлэгч нь байсан тэр эмэгтэйн түүний хайрлаж, эцэг, эхийн хайрыг нь орлож өсгөсөн Киё нь байнга ингэж дуудна. Захиандаа хүртэл. Энэ хайрын хүчээр манай зохиолын гол баатар маш бие даасан, тодорхой үзэл бодолтой бие хүн болж төлөвшсөн ба үүнийгээ ч сайн мэдэж Киёгоо жаргаах хүсэлтэй. Гэвч амьдралын эрхээр Киёгоосоо салж анхны ажил нь нэгэн жижигхэн хөдөөний тосгоны сургуульд багшаар очиж, амьдралтай улаан нүүрээрээ тулж буй тухай. Тэр жижигхэн, хэдхэн цагийн дотор алхахад нэвт дуусгачих тосгоны сургуульд тэрээр төрөл бүрийн хүмүүстэй хамт ажиллаж, хүмүүсийн мөн чанаруудай танилцаж, тэдгээртэй тэмцэхтэй нь тэмцэж, өөрийнхөө бие хүнийг хэрхэн хамгаалж байгаа тухай гарна. Маш хөнгөхөн бичигдсэн хэрнээ маш олон хүмүүс, нийгэм, бодит амьдралын үнэнийг хамарч чадсан юм шиг санагдсан. Та нар ч бас уншаад үзээрэй. 2с 3 өдрийн л ажил болох байх. Хэхэ

Яг хүн бие дааж, ганцаараа өөрийгөө авч явах шаардлагатай болж, хайртай хүнээсээ холдоход хорвоогийн бүх сонин хүмүүсийг анзаарч эхэлдэг юм билээ. Би ээжийгээ алдсанаас хойш үүнийг өдийг хүртэл биеэрээ туулж байна. Өмнө нь ээжтэйгээ байхад ээж маань хүмүүсийн муу муухайг харуулдаггүй байсан юм билээ. Харин ийм хайрт хүнийхээ бамбайнаас гарах үед хүмүүсийн ойлгомжгүй сонирхолтой зан төрхүүд илэрч эхэлдэг юм билээ. Өмнө нь зүгээр л хамаатны таньдаг байсан хүмүүс дотно болох хэрэгтэй болж, зүгээр л зүс таньдаг байсан хүмүүстэй харьцах шаардлагатай болж, эвгүй ах байхдаа гэсэн нь хамгийн сайхан сэтгэлтэй нь болж, ах эгч минь байна даа гэж бодож явдаг байсан хүмүүс ардаг эрдэг болж, тустай нь тусаа үзүүлж, устай нь усаа цацаж мэдэгддэг юм билээ. Сонин.

Бочанд ч бас ийм л зүйл тохиолдоод байх шиг санагдсан болохоор би түүний дотор болж байгаа зүйлийг бага сага гадарлаж байлаа.

Харин та нар заавал гадарлах албагүй ба хамгийн гол нь Бочанд Киё байгаа шиг, надад ээж минь байдаг шиг амьдралын үнэт зүйлээ л заавал олоорой. Тэр цагаас л хүн төлөвшиж эхэлдэг юм шүү.

Монсударын тайлбарыг бас хавсаргачихья.

(Япон, 1906): Японы утга зохиолыг орчин үежүүлэхэд Нацумэ Сосэкигийн гүйцэтгэсэн үүрэг нь Герман, Английн утга зохиолыг шинэтгэхэд Кафка, Жеймс Жойс нарын тус тус гүйцэтгэсэн үүрэгтэй дүйцнэ. 1906 онд бичигдсэн Бочан хошин роман, өнөөдөр ч гэсэн Японы сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтдаг ажээ. Энэ романд, том хотод багшийн мэргэжлээр суралцсаныхаа дараа хөдөө тосгонд хуваарилагдсан залуу багшийн тухай өгүүлнэ. Тэрээр багшийн ажилдаа төвлөрөхийг хүссэн ч тосгоны сургуулийн багш нарын эрх мэдлийн өрсөлдөөн, эргэн тойрны жигшил зэвүүцлийг няцаан тэмцэхэд хамаг эрч хүчээ зарцуулахаас өөр аргагүйд хүрнэ. Боловсрол гэдэг ердөө мэдлэг түгээхээр хязгаарлагддаггүйг, багш хүн өөрөө ёсзүйн хэм хэмжээнд захирагдахгүй бол түүний заасан мэдлэг ямар ч үнэ цэнгүй болохыг энэ романд харуулжээ.

--

--

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet