“Би чамд хайртай”-н эсрэг утга
Түүний явдаг зам, унадаг дугуй, үүрдэг цүнх, өмсдөг жакет, суудаг сандал, нийлдэг найзууд, тоголдог тоглоом…
Түүнээс үнэртдэг үнэр. Зүгээр л нэг угаасан хувцасны ч юм уу, хувцас зайлагчийн ч юм уу, иддэг хоолноос болдог хүний үнэр юм уу, зүгээр айл болгоноос үнэртдэг нэг өөр үнэр ч юм уу, түүний үнэртэй ус, сахлын усны үнэр биед нь нэвт шингэхээрээ ингэж үнэртдэг ч юм уу эсвэл бүр түүний 00-д орхоороо цацдаг үнэр дарагчийн үнэр шингээд түүнээс ингэж үнэртдэг ч юм уу бүү мэд. Юутай ч энэ үнэр их танил дотно үнэр.
Түүний бага зэрэг томдсон жакетныхаа халаасанд хоёр гараа хийгээд том том алхдаг тэр алхалт, миний хэзээ ч хажууд нь зэрэгцээд гүйцэж чадахгүй тэр урт холын зай.
Түүний яг юу бодож суугаа нь мэдэгдэхгүй их холыг ширтэж цонхоор зогтусдаг тэр мөч. Тэнд юу байсан юм бол? Тэр миний харж байгаа энэ цонхоор энэ суудлаас яг юуг тэгтлээ зогтусан ширтсэн юм бол?
Түүний уриалгахан загнаж, зөөлөн инээмсэглээд үргэлж тусалдаг нинжин сэтгэл. Унасан хүүхдийг босгож, айсан охидыг гэрт нь хүргэж өгч, асуусан асуулт бүрт чин сэтгэлээсээ хариулах нь… Араас нь зөөлөн инээмсэглэх нь…
Биеийн тамирын зааланд тоглож байгаа нь… Зүгээр л тэр яагаад ийм өндөр юм болоо?
Түүний үргэлж цэвэрхэн байдаг нь…
Түүний урт хуруунууд, хумсны том толь нь… Хэзээ нэгэн цагт, урд төрөлдөө ч юм уу хөгжимчин эсвэл цэцэгчин байсан байх гэлтэй.
Түүний дэргэд зогсоход салхи хаадаг нөмөр нь. Ард урд нь ороход төвөггүйхэн сүүдэрлэдэг сүүдэр нь.
Яг л миний хувьд Бахын Six cello suites шиг санагддаг нь юуных юм бол?
Анхны хайрын тухай ийм зураглалтай кино үзэж байсан юм нэрийг нь мартчихаад байна аа.
Хэдэн 10,20 жилийн дараа тэр анхны хайрттайгаа дахин уулзалдлаа. Түүний улаан зүрхний угаас хайртай байсан анхны хайрт нь зүгээр л нэг гудамжны хулигаан, арчаагаа алдсан нэгэн болчихож. Энэ үед нөгөө Бахын Six cello suites намуухан эгшиглэсээр л байсан нь түүнд хачин жигтэй, байж боломгүй зүйл шиг санагдаж өөрийгөө ойлгохоо байв.
Би түүнд үнэхээр хайртай байсан юм болов уу? Одоо ч гэсэн үү?
Эсвэл зүгээр л түүнийг хамгаас нандигнан хайрладаг байсан өөрийнхөө гэнэн цагаан, ариухан анхны хайрын сэтгэлд хачин их хайртай байсан юм болов уу?
Ай анхны хайр аа гэж… Кино кино.