expert.bunny
2 min readDec 3, 2020

Баяр гуниг мэдрүүлдэг болчих үед

Би дахиж жирийн хүн шиг шинэ жил дөхөхөд хөөрцөглөөд шинэ даашинзны эрэлд хатаж, шинээр амьдрахаа төлөвлөж суух эсэхдээ эргэлзээд байгаа.

Би дахиад өвлийн сар гармагц цагаан сарын буузны жигнүүрийн дэвсэх цаасны эрэлд гарч, энэтхэг хамрын тамхинаас аваад эрээн торгоны эрэлд хатаж тавхайгаа эргэтэл ээж аавын захиасны араас хөөцөлдөнө гэдэгтээ эргэлзээд байгаа.

Би дахиад эгэл жирийн хүн шиг инээж хөөрцөглөөд эргэлзэхгүй баярлахдаа ч эргэлзээд байгаа.

Баяр гэхээс гуниг ганцаардал мэдрэгддэг болчихно гэж мэдээгүй юм. Үүнийг ээж аав, эмээ өвөөгөө алдсан хүмүүс сайн ойлгох байх. Хүний хөлл даруулж, буузны жигнүүрийн ардаас өндийх завгүй өнгөрдөг байсан тэр шинийн өдрүүд ийм их гунигтай, давж гарахгүй, тэмдэглэмээргүй санагддаг, алгасмаар өдрүүд болчихно гэж мэдээгүй байж.

Хорвоо баян, янз бүрийн л хүн бий. Гэж би огтоос ч бодож үзээгүй. Ээжийгээ алдчихаад цагаан сараа алгасахгүй тэвчээд тэмдэглэж чадсан ээжийнхээ гачланг ойлгоогүй байж…

Хорвоод яг ийм “баяр нь гуниг мэдрүүлдэг” болчихсон хүмүүс байдаг тухай төсөөлж ч байгаагүй тийм их жаргалтай байж. Баяр дөхөхөөр хөөрцөглөж, бүтэн инээж, бүрэн баярладаг байж.

Ээжийгээ алдсанаас хойш энэ монголын олон баяр л дааж давшгүй хүнд санагдаж билээ. Яаж би өнгөрөөнө дөө гэхээс л хоолой зангирч хамар шархирна. Хүний олон хүүхэд даваад л гарсан гээд хоолойгоо засах ч “та нар яаж чадсан юм бэ?” гэж одоо ч асуумаар байдаг юм.

Их хэцүү. Баярын өдрүүд л хэцүү. Бусад өдрүүдийг сатаараад өнгөрч болох ч, баярын өдрүүдээр л хүн чинь ижий аавтайгаа байдаг юм билээ. Тэр бүх дурсамжууд бүх биеийг зүүгээр хатгаж байгаа мэт өвтгөхийг яана. Их хэцүү…

Би өмнө нь баярлаж мэддэггүй, гунигтай хүмүүсийг ямар сонин юм гэж боддог байсныгаа буцаамаар байна. Та нарын зовлонг өөрөө мэдрээд байгаа болохоор нэгдэж байгаад бүх баярыг цөөлмөөр байна! Хэхэ

Гэхдээ хүний амьдрал баян болохоор, хүн өөрөө хэмжээлшгүй чадалтай болохоор ийм зовлон шаналлыг ч нулимсаа арчаад давдаг л байх даа.

Энэ карентин, коронагийн үе миний энэ их шаналлыг мэдсэн мэт таараад “баярын гунигийг” минь бага ч болов хөнгөлж байгаад жо баяртай байгаа. Хэхэ

Над шиг сая сая хүн байгаа л байлгүй. Тэсээрэй ✌

Cheers,

expert.bunny
expert.bunny

Written by expert.bunny

Нэг цаг үед хамт амьдарч байгаа та нартаа хайртай шүү. Таньд таалагдаж байвал аль болох олон claps дарвал маш их баярлана шүү. Хамт байдагт баярлалаа ILY

No responses yet