Ажилгүй!!!!
Мөнгө бол энерги, бодол бол хүч болохоор сайхан амьдрахын тулд юу ч хийхгүй эдгээрийг удирдаж сурахад л анхаарсаар байна уу?
Хонгор минь дээ, амьдрал хатуудаа хатуу шүү дээ. Зүгээр бясалгаж сууж байгаад сайхан амьдрах чинь хааны хүү Будда юм уу, тэнгэрийн хүү Есүсд л байдаг байх. Бодит амьдралд тийм үлгэр байхгүй. Далай лам номоо үзэж суухад, Ромын пап номлолоо айлдаж байхад ч тогны тоолуур нь гүйж, дагуулуудынх нь өдрийн цалин тооцогдож, хоолных нь хэрэглээ урсаж л байгаа. Бодит амьдрал бол урсгал, тогтмол, гэнэтийн, эрсдлийн, цаг үеийн, төлөвлөсөн, төлөвлөөгүй түмэн зардал. Бүх гэрлээ унтраагаад орондоо чамайг бясалгах гээд хэвтэж байхад чинь ч СӨХ мэтийн тогтмол зардал чинь урсаж л байгаа. Хүсээд хүрчихдэг, бодоод болчихдог байсан бол хэн бүхэн сайхан амьдарчих л байсан байгаа. Асуудал хаана байгаа вэ?
Асуудал амар хялбар олдчихдоггүйд л байгаа. Зүв зүгээр суугаад, зүгээр амиа өлчирхөн тээгээд, поошиг поошгоор нь агаар амьсгалж байхад чинь шагнадаггүйд байгаа.
Би “баяжих арга ухаан, баян хүмүүсийн туршлага” гэх мэт хэдэн зуун ном гарчигласан. Бүгд л “тийм ч амар байгаагүйээ”, “олон жилийн хөдөлмөр минь”, “бодоод, хүсээд бүтчихдэг зүйл биш ээ”, “хөдөлмөр”, “цус амталсан хөдөлмөр минь” л гэдэг. Та нар ч зөндөө уншсан байлгүй. Тэр баян нөр их хөрөнгөтэй эрхмүүд хэн нь ч зүгээр бясалгаж бодлоо удирдаж байгаад баяжаагүй. Зүгээр л цаг ямар үнэ цэнэтэйг биднээс эрт ухаараад, биднээс их хөдөлмөрлөсөн хүмүүс л байсныг сануулах гэсэн юм. Баяжих гэдгийг “баяжих хүртэлх”, “баяжсаны дараах” гэж ангилах хэрэгтэй байх. Тэр бодлоо удирдах, зөв бодож төлөвлөж, зарцуулах, энергиэр татах гэх мэт бүх зүйлс, арга техникүүд нь “баяжсаны дараах” хэрэгжүүлэх арга замууд юм шүү. Харин “баяжих хүртлээ” бид мянга мөнгөтэй бодоод, мөнгө энергиэр даллаад баяжихгүй бөлгөө.
Хангалуун элбэг дэлбэг сайхан амьдрал хүсч байгаа бол ямар ч номонд байдаггүй ганцхан арга бий. Бүх зүрх сэтгэлээ зориулан тууштай хөдөлмөрлөх. Гар хөдөлвөл ам тосдоно гэдэг ардын үг үнэн. Тэр Билл, тэр Марк бүгд л үеийнх нь найзууд бөмбөг охид хөөж, хэд гурваараа хийлж шоу цэнгээн хэсч явахад хичээл ном, алгоритм, техник угсарсан NERD үүд л байсан. Тэгээд тэр хичээл зүтгэлийг нь шагнасан. Хэн нь ч зүгээр бясалгаж сууж байгаад юм уу, үд хүртэл унтаж үхрийн дуугаар сэрж байгаад баяжаагүй. Үеийнхнээсээ илүү уншиж, илүүг сурч, илүүг бүтээж байгаад шагнагдсаныг санах хэрэгтэй. Энэ бол “Баяжих хүртэлх” цор ганц зам.
Харин одоогийн олон баяжих арга заагаад байгаа номуудад дурдах техникүүд бол “баяжсаны дараа” буюу нэгэнт хөдөлмөрлөөд мөнгө олоод өөрөөсөө илүүчлээд сурчихсан бол түүнийгээ зөв удирдан зарцуулж өөртөө ажиллуулдаг болох арга ухаан юм.
“Work hard, work smart” гэдэг ойлголтод ч нэг үг давтагдаж байгаа. WORK. Ер нь бол ухаалгаар ажилладаг болтлоо ямар ч мэргэн хүн тамираа барагдтал ажилладаг. Тэгж ажиллаж байгаад арай ухаалгаар ажиллаж болох аргаа олдог жамтай.
Би энэ бүгдийг дахин давтан хэлээд байгаагийн учир нь миний анзаарснаар нэг тийм агаарын бодоод хэвтэж байтал болчихдог амьдрал байдагт итгэчихсэн хүүхдүүд бий болж байгаад эмзэглэсэндээ бичээд байгаа юм шүү. Тэгж зүгээр хэвтсэнээ тэр амьдралаа голоостой. Тэгснээ тэр дутуугийн бодолдоо “ажилчин ангийн” эцэг эхээс гэж эндүүрээстэй. Ажил хийвэл л ам тосдоно. Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэртэл чинь амьдруулах гэж нойргүй гүйж, хоолгүй ажиллаж байгаа эцэг эхдээ талархаж сурах хэрэгтэй.Би өөрийгөө ажилтай хүмүүсийн дэргэд ажилгүй амьтан гэж их голдог хүн л дээ. Хоол унд хийхдээ тааруу гээд л… Гэхдээ дээрх хүүхдүүдийн дэргэд юу бэээээ? Би чинь ажил амьдралтай хүн юм билээ. Ядаж хоол хийх төвөгтэй бол хамаг юмаа сайхан хутгаад зуурахад бэлдээд хөлдөөчихдөг хэмжээний, хэрэгтэй сонин содон зүйл сурахаар цангасан мал шиг ажилтай. Зүгээр өлсөөд хүний гар хараад унтах хэмжээг тэвчихээргүй ажилтай. Хэхэ
Би ажилсаг хүмүүст дуртай. Ажилсаг хүний гэрт аяга нь бүтэн, алга нь тэнэгэр, амьдрал нь гэгээтэй байдагт итгэдэг. Хүмүүс Баруун аймгийнхан хүн муутай гэж их хэлдэг. Би хувьдаа баруун аймгийнхны ажилсаг байдалд дуртай. Нэг тийм ахуйн ажил сайтай. Хоол цай сайтай. Эхнэрүүд нь цэвэрч нямбай, ахуйдаа их ажилтай. Тиймдээ та нар анзаарсан бол гудманд архи уугаад алгаа тосоод сууж байгаа баруун аймгийн хүнтэй таарахгүй. Ажилсаг учраас амаа бол тосдоод амьдарчихаж байгаа байхгүй юу. Харин аман дээрээ наалинхайтчихаад агтан дотроо жийлцэж байдаг сэтгэлтэйдээ түмэнд нэргүй. Ажилтай, амиа болгосны дараа аяндаа миний ганц амиа болгох амьдралыг минь сайхан болгохгүй нь ээ, бүгд сайхан амьдарч байж утгаараа сайхан амьдрах юм байна аа гэдгээ ойлгох нь дараагийн асуудал л даа. Гэхдээ бас санууштай.Монголчууд ядуу байгаа бол ажилгүйдээ. Авлига эдр бол юу ч биш. Зүгээр ажилгүй хүмүүс болохоор л гэж би боддог, хувьдаа.
За тэгээд ер нь бол ажилсаг, хичээнгүй амьдраарай. Чадахгүй байвал ОШИН үзээрэй л гэж зөвлөе дөө. Хэхэ
Ахуйн ажилд сурдаггүй гэхэд сурахад сураарай. Цаг байвал нэг ном илүү уншиж, нэг хэл судалж, нэг хичээл илүү үз л дээ. Их унтах чинь унтахгүй байхтай яг адил хор хөнөөлтэй. Youtube дүүрэн энэтхэг багш нарын хичээл байхад хэлийг нь ч мэдэхгүй, хэнд ч хэрэггүй драма үзэж цаг нөгцөөж байх вий. Хувцасны толбо арилгах, үс тайрах, цэцэг тарих, цохн шил арчих, эмхлэх, код бичих, excel эзэмших гүйээ ер нь юу ч байсан яах вэ дээ. Сонирхлыг чинь татдаг тэр зүйлээ сурч унтаарай. Хэхэ
Боломж хэн бэлтгэлтэйд нь л ирдэг юм шүү дээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд.
Cheers,